Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, Засаг даргын захирамжаар Буянт голын сав дагуу газарт зусланд зусах иргэд, айл өрх дагаж мөрдөх журам баталж хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, тэр дундаа Буянт голын ай сав дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг бий болгох, усны эх үүсвэрийг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөөц нь хомсдох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлыг сайжруулахад энэхүү журмын зорилго чиглэж байна.
Тус журамд голын дагуу айл өрх, иргэд зусланд түр буух газрын хил хязгаар, байршил, зөвшөөрөх болон хориглох зүйлс, төлбөр хураамжийг тусгасан байна.
Буянт голын эрэг дагуу зусланд гарч буй айл өрх бүр дараах хураамжийг жилд нэг удаа төлнө.
Тодруулбал: Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айл өрх 15000 мянган төгрөг, энгийн айл өрх 30 мянга төгрөгийн хураамж төлөх юм.
Буянт голын ай сав дагуу зусланд жилд дунджаар 800-1250 гаруй айл өрх зусланд гардаг байна.
Зуслангийн бүх айл хураамжаа жигд өгснөөр стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар барих, тогтмол хог ачих, тээвэрлэх ажлыг эхлүүлж, зусландаа цэвэр цэмцгэр амьдрахад зарцуулах юм.
Мөн энэ жилээс Буянт голын зуслангийн бүсийн авто замыг сайжруулах зам засварын ажил хийгдэх аж.
Байгаль орчны байцаагч, Экологийн цагдаа нар Буянт гол дагуу зусаж байгаа айл өрхийн орчны бохирдолтын байдал, хогийн цэг, жорлон зэрэгт хяналт тавьж, байгаль орчны салбарын холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөхийг уриалан ажиллаж байна.






















Хариулт (0 )