Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын засаг дарга Б.Серикбол архидан согтуурч хүн зодож, төрийн албан хаагчдыг хэл үгээр доромжилсон гэх мэт увайгүй үйлдэл гаргасан байдаг.
Ер нь архидан согтуурч хүн зодож гэмтээж байгаа үйлдэл нь нэг удаагийнх биш юм. Ийм увайгүй нэгэн бүхэл бүтэн сумыг удирдаж байгаад нутгийн иргэд нь жигшин эсэргүүцэж байгаа аж.
Иймээс сумынх нь ИТХ-ын 4 удаагийн хурлаар огцруулах санал гаргаж аймгийнхаа засаг дарга А.Камелиятад өргөн барьсан ч удаа дараа татгалзаж хамгаалсаар байгаа юм.
Тэгвэл 2024.06.05-ны өдрийн Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдсан хуралдаанаар Б.Серикболыг сумын засаг даргаас огцруулах тогтоолыг аймгийн Засаг дарга А.Камелият-д хүргүүлсэн байна.
Тус тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 49 дүгээр зүйлийн 49.1, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX дугаар хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Дэлүүн сумын Засаг дарга Б.Серикбол нь Төсвийн тухай хууль болон Монгол Усын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн нь аудитын байгууллагын шалгалтаар тогтоогдсон, Засаг даргын хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг болон хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн тул хуралдаанд оролцсон 23 төлөөлөгчийн 13 буюу 56,5% саналаар Засаг даргыг үүрэгт ажлаас нь огцруулсугай. Сумын Засаг дарга Б.Серикболыг огцруулсан тогтоолыг аймгийн Засаг дарга /А. Камелият/-д хүргүүлсүгэй. гэсэн тогтоолыг аймгийн засаг дарга руу удаа дараа хүргүүлсэн байна.






















Хариулт (0 )