Ховд аймгийн Жаргалант сумын “Нийтийн халуун ус, сауны цогцолбор”-ын барилгын ажлыг “Жаргалант ургамал” ХХК хийж гүйцэтгэхээр 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр гэрээ байгуулж, мөн оны 07 дугаар сарын 09-ны өдөр ашиглалтанд оруулах ёстой байсан ч он дамнаж, эрх зүйн үндэслэлгүйгээр ахин дахин гэрээгээ сунгасаар иржээ.
Ховд аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн байна.
Тухайлбал: Мэргэжлийн төсөвчний хийсэн зураг төслийн дагуу тендерт шалгарч ажлаа хийж буй явцад үндэслэлгүйгээр 1,250,000,000 төгрөгөөр нэмж санхүүжүүлсэн, гэрээнд заасан ажлуудыг чанартай хийж гүйцэтгээгүй байхад, явцын санхүүжилтийг бүрэн олгож санхүүжүүлсэн, шалгалтын явцад бодит байдалтай очиж танилцахад хоёр давхраас нэг давхарт ус алдаж, уналттай таац нурсан, ус шалбааг тогтож, 3 саун зэрэг ажиллах боломжгүй, тогоо болон тог цахилгаан дамжуулах хүчин чадал нь муу, дулаан алдалт их, хүн усанд орох боломжгүй, 10 дүүшнээс 6 дүүш ажилладаг, бүх дүүш нь зэрэг ажиллах боломжгүй, гэрээг хууль эрх зүйн үндэслэлгүй удаа дараа сунгасан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Энэ нь засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоол, төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.5 дахь заалт, төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалт, сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 86 дугаар тушаал, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, засаг даргын орлогчтой 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан гэрээний 6.3 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзжээ. Иймд хуульд үндэслэн өгөөгүй байгаа үлдэгдэл 200,007,250 төгрөгийг улсын ахлах байцаагчийн актаар төлүүлэхээр, чанаргүй хийгдсэн ажлуудыг хугацаатай үүрэг өгч арилгуулах акт үйлджээ.
Гэтэл гүйцэтгэл дутуу барилгыг улсын комисс хүлээгээд авчихсан байгаа юм. Тухайн үед улсын комиссыг ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан Б.Төгөлдөр ахалж орсон.
Гишүүдэд нь аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түмэндэмбэрэл, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Д.Энхбаатар, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, Ховд ЦТС ХХК-ийн ерөнхий инженер Н.Ням-Эрдэнэ, Шим ус ОНӨААТҮГ-ын дарга Н.Ганбат, Шим ус ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер М.Нансалмаа, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Түмэнжаргал, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Ховд Ховд аймаг дахь зөвлөлийн тэргүүн Б.Сүхбаатар, аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн дарга С.Батдорж, “Сүрлэг алтай цамхаг” ХХК-ийн ерөнхий инженер Т.Энхзаяа, Жаргалант сумын ЗДТГ-ын шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Г.Тунгалаг, ГХБХБГ-ын инженерийн дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн С.Өнөржаргал нар ажиллажээ. Гэтэл тухайн үед аймгийн ерөнхий архитекторийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түмэндэмбэрэл улсын комисст ирж ажиллаагүй, саналаа өгөөгүй байхад дур мэдэн хүлээгээд авчихсан байна. Б.Түмэндэмбэрэл хэлэхдээ халуун ус сауны барилгын ажлыг хүлээж авах улсын комиссын гишүүнд миний бие байсан. Би саналаа бичиж өгөөгүй байхад комисс хүлээгээд авчихсан байсан. Энэ улсын комиссын акт хүчингүйд тооцогдох ёстой гэв.
Хариулт (0 )