“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ.
Үүнээс Байгаль орчны гавьяат ажилтан, Улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэн гуай “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн билээ. Тэрээр өнөөдөр /2025.03.04/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ. Шинэхэн хөдөлмөрийн баатрыг Ховд аймгийн удирдлагууд, байгаль орчны салбарын хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд нь Нисэх онгоцны буудалд хүндэтгэн угтан авлаа.
Дараагаар нь Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан байгаль орчны салбар тэр дундаа Ховд аймгийн ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлж ирсэн талаар яриа өрнүүлж “Хөдөлмөрийн баатар”-т хүндэтгэл үзүүлэв.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Цэндсүрэн гуай ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Энэхүү үйлсээрээ буюу байгаль орчны салбараас төрж буй анхны эмэгтэй “Хөдөлмөрийн баатар” болж байна.Эх сурвалж: ЗДТГ
Хариулт (0 )