ЗТХ-ийн сайд С.Бямбацогт малчдаа өмөөрч өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн бичжээ.
Аав минь олон сум нэгдлийн дарга байсан учраас би мал малчин хоёрт ойр өссөн тиймээс сайн мэдэх хүний хувьд үүнийг бичиж байна
Сүүлийн үед сошиалаар явж буй малчдыг буруушааж шүүмжилсэн бичвэрүүдээс уншлаа:
Уг бичвэрт “Малчдыг хөсөр хаях ёстой тэдний өмч биднийх биш өөрсдийнхөө өмчийг өөрсдөө хариуцах ёстой” гэжээ. Тийм биш гээд би шуудхан хэлчихье ! Малчид хэнд ч эрхлээгүй, хэнээс ч юу ч хүлээгээгүй бас туслахыг шаардаагүй, харин төр үүргээ гүйцэтгэж байгаа л хэрэг юм. Юмыг өнгөц дүгнэж болохгүй, малчид зөвхөн малаа хариулдаггүй тэдний аж амьдралын цаана онцгой нандин олон зүйл бий. Энэ том газар нутгийг малчид л эзэнтэй байлгадаг. Дэлхийн сүүлчийн нүүдэлчин соёлыг монгол малчид л тээж явдаг. Төр улс юм бол газар нутгаа эзэнтэй байлгаж, өв соёлоо бодлогоор хамгаалах ёстой байдаг юм. Түүнийгээ хамгаалах, авч үлдэхийн тулд малчдаа хамгаалах ёстой. Нэг зүйлийг нэмээд хэлчихэд төр мал малчдыг хамгаална гээд халамжаар угждаггүй, гар харж суутал нь дэмждэггүй. Их л бодож жилдээ ганц удаа зуд турхантай үед багахан дэм л үзүүлдэг, хаагдсан даваа гүвээг нь нээж өгдөг төдий. Ер нь ч тэгээд малчид гэлтгүй тусламж хэрэг болсон, байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслах үүргээ төр заавал гүйцэтгэх ёстой биз дээ. Харин үүнийг хэт туйлширч тэднийг арчаагүй олхиогүй, амьдрах чадваргүй дандаа төвөг болдог мэт ойлгуулах нь туйлшрал. Цаг агаарын мэдээ зарласаар байтал малчид малдаа гарч явж байгаад амь насаа эрсдүүлдэг гэжээ. Тийм биш ээ хэн минь ! Байгалийн гамшиг гэдэг хэцүү. Уул хөндий байтугай үүдэн хоймрын газар үзэгдэхгүй болтол шуурч, гэрээсээ гарч бие засаад буцаад гэрээ олохгүй зүг чигээ алдан эндсэн тохиолдлууд олон гардаг юм. Малын хашаагаа эргэх төдийд төөрөх тохиолдлууд ч гарна. Бүгдээрээ тэр цасан шуурганаар зөрж зүтгээд малын эрэлд гараад эрсдээд байдаг ч юм биш. Хэн ч амьдралын эх үүсвэрээ яаж ийгээд авч үлдэхийг л хичээнэ. Хэрэв малчин байсан бол та ч ялгаагүй тэгнэ. Шуурганд уруудсан малаа буцаагаад эргүүлчих боломжийг бүгд л эрэлхийлнэ. Амьдралын эгэл, энгийн, наад захын энэ шаардлагынх нь төлөө тэднийг амь насандаа хайргүй, хайнга, муйхар хүмүүс гэх нь буруу. Наадмын дараа намар болдог, гэтэл найр наадам хэсээд хадлан тэжээлээ бэлдэлгүй өвөл горыг нь амсдаг гэжээ. Цөөн хэдэн тийм нөхдөөр олныг төлөөлүүлэхгүй ээ хө ! Наадмын дараа намар болдоггүй, намар болдог цагтаа л болдог, малчид ч өвс хадлангаа авдаг цагтаа л авдаг. Малчдын аж амьдралыг ойлгохгүй, мэдэхгүй байгаа бол зорьж очоод үзэх хэрэгтэй. Зунжин найр наадам хэсдэггүй юмаа тэд. Тэр найр наадмыг хийдэг, хэсдэг малчид чинь цөөвтөрхөн. Ер нь зуд турхан болж байгаа хүнд хэцүү цагаар нь очиж үзээгүй байж дэлгэр сайхан цагийн найр наадам ирж үзчихээд хөдөөгийн амьдрал хийх юмгүй найрлаад наадаад л байж байдаг юм байна гэж молхи дүгнэлт хийж болохгүй. Энэ бичвэрийг бүү улс төржүүлээрэй. Би хөдөө өссөн хүүхэд, одоо ч жил болгон хүнд хэцүү үед нь малчид дээрээ очдог учраас яг бодит байдлыг сайн мэдэж байгаа хүний хувьд үүнийг бичиж байгаа юм. Бид дэмий санаа зовж суугаагүй гэдгээ энд бас хэлэхийг хүсэж байна. Тэдний амьдралыг сайн мэдэхийн хувиар цаг уур өөрчлөгдөж, өвс ногоо хангалттай ургахаа больж, цөлжиж байгаа энэ үед томоохон бодлого зайлшгүй гаргах ёстой гэж үзээд хэдэн малынх нь өвс тэжээлийг нутагтаа тарьдаг болъё гээд өнгөрсөн жил хувийн хэвшлүүдийг дэмжиж 300 га газарт тэжээл тариулсан. Малын тоо биш чанарт анхаарч бага малаас их ашиг олдог болгохын тулд түүхий эд боловсруулах үйлдвэр технологийн паркын төслийг эхлүүлсэн. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр нааш нь татсан гэж зарим хүмүүс над руу дайрцгаадаг л юм. Малчдын НДШ-ийн тал хувийг төр даах гэлээ гээд л цэцэрхэцгээж байна билээ. Ажил төрөлтэй бусад хүмүүсийн хувьд НДШ-ийн талыг нь өөрөө, талыг нь байгууллага нь даадаг юм. Малчдад байгууллага гэж байхгүй учраас талыг нь өөрөөр нь төлүүлээд талыг нь төр дааж байгаа л явдал. Хөдөө сумдаар яваад хүмүүстэй уулзаад үзээрэй. Амтай болгоны амнаас залуу малчин, залгамж халаа гэж байхгүй боллоо хэмээн халаглацгааж байна. Үнэндээ өнөөдрийн энэ хотын утаа түгжрэл гээд ужигарсан бүх асуудал хөдөөгөө, малчдаа мартсанаас улбаатай. Тийм болохоор хотын зовлонг шийдье гэвэл хөдөөгөө хөгжүүл гэж би байнга хэлдэг. Эцэст нь нэг зүйл хэлчихэд төр үнэхээр атаархтал чинь малчдыг харж үзээд байгаа юм бол та ч бас дэмий шүүмжилж суухаар малчин болоод жарга л даа. Малаа эдийн засгийн эргэлтэд яаж хурдан оруулах, бэлчээрээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар өөрөө үлгэрлээд харуулаад өгөх хэрэгтэй. Түүнээс биш өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өрхийн үйлдвэрлэлийн үндсийг тавьж, өв соёлоо тээж яваа хэдэн малчинг мал гэх нь холгүй амны зугаа болгохыг тэвчээд сууж даанч төвдөхгүй байна гэжээ.






















Хариулт (0 )