З.Мэндсайхан: Олон улсын байгаль орчны үнэлгээний компани оруулж ирээд үнэлгээ хийлгэх ёстой. Хэрэв үнэлгээ хийлгээд ард түмэнд хортой гэвэл энэ төслийг зогсоох ёстой. Би ийм л хатуу байр суурьтай байгаа.
З.Мэндсайхан: Манай нутгийн иргэд Халзан бүрэгтэйг эсэргүүцэж байгаа. Би ч гэсэн иргэдтэйгээ нэг ойлголттой байна.
З.Мэндсайхан: Байгалийн ховор элементийг дагаад уран буюу онц ноцтой химийн элемент байна. Нөгөө талдаа энэ бүс нутаг, Хар ус нуурын ай сав, Ховд аймгийн хүнсний ногооны үйлдвэрлэлийн төв, Ховд гол цэвэр усны нөөц энэ бүхэнд нөлөөлөх эрсдэл байна гэдэг ийм л асуудлыг бид тавиад байгаа юм.
Ховд.мн сайтын сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод Төрийн ордон ажиллаж байна.
Бид УИХ-ын гишүүн Загджавын Мэндсайханаас Халзан бүрэгтэйн асуудлаар байр суурийг нь сонсож тодруулга авлаа.
Халзан бүрэгтэйн байгалийн ховор элементийг олборлох асуудал өчигдөр эхлээгүй, хоёр жилийн өмнөөс эхлээд Мянгад суманд асуудал болж үүссэн.
Би анхнаас нь нэг л байр суурьтай байгаа. Миний бие Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхад энэ асуудал үүссэн. Мөн Мянгад сумын нутгийн зөвлөлийн даргаар тухайн үедээ ажиллаж байсан. Тиймээс энэ асуудлаар очиж иргэдийнхээ саналыг сонсож байсан. Нутгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалах байгаль орчны энэ асуудлыг дуу хоолой нь болж, тухайн үеийн төрийн өндөрлөгүүдэд хүргэж энэ төсөл нэг удаа зогссон юм.
Сая 10 сард тэнд зөвшөөрөлтэй талбай дээрээ кэмп барьсан байна. Дахиад хайгуулын ажлаа явуулах гэж байна гэдэг ийм асуудал нутагт үүссэн. Нутгийн иргэд минь надтай байнга холбоотой. Би энэ талаар мэдээлэлтэй байгаа. Зүгээр суусангүй. Би УИХ-ын гишүүн болоод 8-р сарын 28-нд анхны асуулгаа Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваанд асуулга тавьсан байгаа. Яагаад энэ төслийг та нар явуулах гээд байгаа вэ? гэдэг асуулга хүргүүлсэн ч хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх ёстой гэтэл одоог хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандсан. Энэ сайд хариу ирүүлэхгүй байна, хуульд заасны дагуу энэ хүнд хариуцлага тооц, Халзан бүрэгтэй төслийн талаарх асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар оруулж хэлэлцүүл, энэ асуудлыг анхаар гэдэг ийм бичиг хүргүүлж хандсан байгаа.
Асуулгын гол утга нь:
Яагаад энэ Халзан бүрэгтэй төслийг явуулах гээд байгаа юм, нэг сумын ард түмэн байгаа. Тэр ард түмний эрүүл мэнд жижигхэн биш. Тэр ард түмний тайван амьдрах эрх жижигхэн бишээ гэдгийг л би энэ сайдад хэлээд байгаа юм.
Манай нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж байгаа. Би ч гэсэн иргэдтэйгээ нэг ойлголттой байна. Байгалийн ховор элементийг дагаад уран буюу онц ноцтой химийн элемент байна. Нөгөө талдаа энэ бүс нутаг, Хар ус нуурын ай сав, Ховд аймгийн хүнсний ногооны үйлдвэрлэлийн төв, Ховд гол цэвэр усны нөөц энэ бүхэнд нөлөөлөх эрсдэл байна гэдэг ийм л асуудлыг бид тавиад байгаа юм.
Түнээс биш Мянгадын ард түмэн, би ч гэсэн энэ төслөөс ямар нэгэн байдлаар хэн нэгэн ажилд орох, ашиг хонжоо харах, эдийн засгийн сонирхол хэнд ч байхгүй. Ийм учраас бид нар энийг тодорхой болгож өг гэж байгаа.
Ц.Туваан сайдыг бүлгийн хуралдаан дээр дуудаж, яагаад хариу өгөхгүй байгаа талаар асуусан. Би танд 7 хоногийн дотор хариу өгнө гэсэн. Үүнээс хойш 14 хоног болж байна.
Тэр ард түмэн болохгүй гээд байна, та надтай очиж газар дээр нь танилц. Төрийг төлөөлж байгаа төрийн сайд гэдэг бол ард түмний төлөөлөл. Хамтдаа ард түмнийхээ дуу хоолойг очиж сонсоё, таныг урьж байна, хамт явья гэсэн ч одоог хүртэл хариу ирээгүй байна.
Би мэргэжлийн хүн биш. Гэхдээ газрын ховор элемент Монгол улсын эдийн засагт хэрэгтэй юу гэдэг талаас нь харах нэг өөр асуудал. Эдийн засагт хэрэгтэй байгаад, энэ улс оронд амьдарч байгаа иргэний асуудлыг, эрүүл мэндийн асуудлыг хойш нь тавина гэдэг зүйл байхгүй.
Би бол энэ уул уурхайг эсэргүүцээд байдаг хүн биш. Энэ том том эдийн засгийн төслүүд явах ёстой. Бид нар зэсээ боловсруулдаг байх ёстой. Нүүрсээ угааж гаргах ёстой ч гэдэг юм уу. Алтаа олборлоод байгалиа нөхөх сэргээдэг байх ёстой. Энэ болгоныг би дэмждэг. Баялагийн сангийн хуулиа гаргаад батлаад явж байгаа. Гэхдээ байгалийн ховор элемент гэдэг бол арай өөр зүйл. Энэ бол ашигт малтмалын тухай хуулиар биш цөмийн энергийн тухай хуулиар явах ёстой. Яагаад гэвэл энд уран байгаа. Энэ асуудлуудаа тодорхой болгох ёстой.
Миний хэлээд байгаа зүйл бол ерөөсөө олон улсын байгаль орчны үнэлгээний компани оруулж ирээд үнэлгээ хийлгэх ёстой. Хэрэв үнэлгээ хийлгээд ард түмэнд хортой гэвэл энэ төслийг зогсоох ёстой. Би ийм л хатуу байр суурьтай байгаа.
Хариулт (0 )