Өнөөдрийн байдлаар Ховд аймагт махны үнэ цул болон ястайгаасаа хамааран 12,000–24,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тодруулбал, хонь үхрийн цул мах кг нь 24,000 төгрөг, ястай мах 20,000 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны цул мах 18,000 төгрөг, ястай мах 17,000 төгрөг байна. Адууны мах кг нь 12,000 төгрөгийн үнэ ханштай байна.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд үхрийн махны үнэ 17.8 хувь, хонь, ямааны махны үнэ 16.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Импорт, шатахуун болон тээврийн зардлын өсөлтөөс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд ерөнхийдөө өссөн түвшинд хадгалагдаж байна.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс махны үнийн өсөлтийг өвөл, хаврын улиралд нийлүүлэлт багасдаг, мөн суурь малын үнэ өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Мөн өмнөх жилтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт буурсан байгааг худалдаа эрхлэгчид онцоллоо.






















Хариулт (0 )