Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой хачигт халдварын эрсдэл өсөж байгаа талаар мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
Ховд аймгийн “Зоонозын өвчин судлалын төв”-ийн мэдээлснээр хачигт халдвараас үүдэлтэй өвчлөл жил бүр нэмэгдэх хандлагатай байна гэв.
Иргэд энэ талын мэдээ мэдээлэл дутмаг байдаг учир өвчин хүндэрч, хүндрэл үүсэх гол шалтгаан болдог байна.
Ховд аймагт хачигт өвчин нь риккетсиоз, боррелиоз гэсэн 2 төрлөөр илэрч байгаа талаар албаны эх сурвалж ярьлаа.
Хачигт хазуулсан хүн бусдад халдвар дамжуулдаггүй ч халдвар тээгч иргэн дархлаа сул тохиолдолд өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй гэж Ховд аймгийн Зооноз Өвчин судлалын дарга Л. Хаш-Эрдэнэ онцлов.
Хачигны идэвхжил 5 болон 6 дугаар саруудад оргил үедээ хүрдэг аж.
Ялангуяа дулаан, нарлаг өдрүүдэд 08:00–12:00 болон 17:00–20:00 цагт хачиг хамгийн идэвхтэй байдаг байна.
Гэсэн ч иргэдийн дийлэнх нь хамгаалалтын хувцас өмсөх, хачгийг шалгах, үргээгч бодис хэрэглэх зэрэг энгийн арга хэмжээг авч чаддаггүй байна.
Иймд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлж, хазуулсан тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )