khovd.mn

Т.Дэлгэрсайхан, Б.Баярсүх, Б.Төгөлдөр нарын эрх ашиг уг тендерийн ард байсан уу?

Ховд аймгийн Жаргалант сумын “Нийтийн халуун ус, сауны цогцолбор”-ын барилгын ажлыг “Жаргалант ургамал” ХХК хийж гүйцэтгэхээр 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр гэрээ байгуулж, мөн оны 07 дугаар сарын 09-ны өдөр ашиглалтанд оруулах ёстой байсан ч он дамнаж, эрх зүйн үндэслэлгүйгээр ахин дахин гэрээгээ сунгасаар иржээ. Ховд аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас хяналт […]

0
846
Т.Дэлгэрсайхан, Б.Баярсүх, Б.Төгөлдөр нарын эрх ашиг уг тендерийн ард байсан уу?

Ховд аймгийн Жаргалант сумын “Нийтийн халуун ус, сауны цогцолбор”-ын барилгын ажлыг “Жаргалант ургамал” ХХК хийж гүйцэтгэхээр 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр гэрээ байгуулж, мөн оны 07 дугаар сарын 09-ны өдөр ашиглалтанд оруулах ёстой байсан ч он дамнаж, эрх зүйн үндэслэлгүйгээр ахин дахин гэрээгээ сунгасаар иржээ.

Ховд аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал: Мэргэжлийн төсөвчний хийсэн зураг төслийн дагуу тендерт шалгарч ажлаа хийж буй явцад үндэслэлгүйгээр 1,250,000,000 төгрөгөөр нэмж санхүүжүүлсэн, гэрээнд заасан ажлуудыг чанартай хийж гүйцэтгээгүй байхад, явцын санхүүжилтийг бүрэн олгож санхүүжүүлсэн, шалгалтын явцад бодит байдалтай очиж танилцахад хоёр давхраас нэг давхарт ус алдаж, уналттай таац нурсан, ус шалбааг тогтож, 3 саун зэрэг ажиллах боломжгүй, тогоо болон тог цахилгаан дамжуулах хүчин чадал нь муу, дулаан алдалт их, хүн усанд орох боломжгүй, 10 дүүшнээс 6 дүүш ажилладаг, бүх дүүш нь зэрэг ажиллах боломжгүй, гэрээг хууль эрх зүйн үндэслэлгүй удаа дараа сунгасан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Энэ нь засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоол, төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.5 дахь заалт, төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалт, сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 86 дугаар тушаал, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын  11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, засаг даргын орлогчтой 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан гэрээний 6.3 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзжээ. Иймд хуульд үндэслэн өгөөгүй байгаа үлдэгдэл 200,007,250 төгрөгийг улсын ахлах байцаагчийн актаар төлүүлэхээр, чанаргүй хийгдсэн ажлуудыг хугацаатай үүрэг өгч арилгуулах акт үйлджээ.

Мөн түүнчлэн захилагчийг төлөөлж аймгийн засаг даргын орлогч асан Т.Дэлгэрсайхан, ХБТХОХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Баярсүх, ГХБХБГ-ын дарга асан Б.Төгөлдөр нар  гэрээг сунгаж, санхүүжилтийн эрх нээх мэдэгдлийг  мөн Б.Баярсүх хянасан байгаа юм.

Б.Төгөлдөр нь барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссыг ахалж орсон. Ингэхдээ зарим гишүүд нь саналаа бичиж өгөөгүй байхад дутуу гүйцэтгэлтэй барилгыг яаран сандран хүлээж авчээ. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг, хувийн ашиг хонжоо, тендерийн наймаа байсан юм биш биз гэх хардлага ч төрж байна. Уг асуудлын мөрөөр эргэн сурвалжилна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл