14 настай охиныг 3 залуу хүчиндсэн гэх ноцтой хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан бөгөөд оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан гарч 2 залуутай нийлж гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Хүчингийн хэрэгт холбогдсон 3 этгээдийг хойшлуулшгүйгээр цагдан хорих саналыг Ховд аймаг дахь цагдаагийн газраас прокурорт хүргүүлснээр тэднийг цагдан хорих эсэх шүүх хурал Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хоёр удаа болсон ч цагдан хориогүй. Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явааг тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлсний дагуу тус аймгийн Прокурорын газраас нэр бүхий 3 яллагдагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллагдагч нарын зүгээс прокурорын яллах дүгнэлтийг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурорт гомдол гаргасныг хүлээн авахаас татгалзсан гэв.
Яллагдагч нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргаснаар хэргийг татан авч хянаад, яллагдагч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Прокурорын газарт ирүүлжээ.
Одоогоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байгаа юм байна.






















Хариулт (0 )