khovd.mn

416 сая төгрөгийн тендерийн ард Мянгад сумын засаг дарга Б.Батхишиг бий юу?

Ховд аймгийн Мянгад сум 2025 онд нэг тэрбум 763 сая 366 мянган төгрөгийн төсөв батлуулсан нь аймгийн 17 сумаас хамгийн өндөр төсөвтэйд нь эрэмблэгдэж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж төсвөө баталсан ч төсвийн зарим хуваарилалтууд нь шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал: Мянгад сумын  төвийн 450 метрийн урттай цементэн хучилттай замын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг 2025 […]

0
374
416 сая төгрөгийн тендерийн ард Мянгад сумын засаг дарга Б.Батхишиг бий юу?

Ховд аймгийн Мянгад сум 2025 онд нэг тэрбум 763 сая 366 мянган төгрөгийн төсөв батлуулсан нь аймгийн 17 сумаас хамгийн өндөр төсөвтэйд нь эрэмблэгдэж байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж төсвөө баталсан ч төсвийн зарим хуваарилалтууд нь шүүмжлэл дагуулж байна.

Тухайлбал: Мянгад сумын  төвийн 450 метрийн урттай цементэн хучилттай замын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан байдаг.

Уг тендерт “Болор зам хөгжил” ХХК, “Мажестик солюшн рөүд” ХХК, “Жи Эс эхлэл” ХХК, “Батдайчин” ХХК, “Билэг жигүүр” ХХК, “Эрдэнэ зам гарам” ХХК, “Жаргалант хишиг” ХХК зэрэг 7 компани өрсөлдсөн байна.

Гэтэл шаардлага хангахгүй “Болор зам хөгжил” ХХК-ийг шалгаруулсан нь бусад өрсөлдөгч компаниудын дургүйцлийг хүргэж, ашиг сонирхолын зөрчил орсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Өрсөлдсөн компаниудаас “Мажестик сопюшн рөүд” ХХК-ийн хувьд замын ажлын туршлагатай, шаардлага шалгуурыг бүрэн хангасан компани юм байна.

Гэтэл зураг төсвийн 25 сая төгрөгийг тусгаагүй гэх үндэслэлээр хассан байна. Хамгийн хачирхалтай нь шалгарсан гэх дээрх “Болор зам хөгжил” ХХК нь мөн адил зураг төсвийн 25 сая төгрөгийг тусгаж оруулж ирээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тендерийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, ижил тэгш байх зарчмыг уландаа гишгэж буй уг үйлдлийг өөгшүүлж яасан ч болохгүй асуудал. Яагаад уг компанид давуу эрх олгож тендерт шалгаруулав гэдэг нь анхаарал татаж буй.

Мянгад сумын засаг даргын тамгын газраас зарласан нээлттэй гэх цахим тендер нь шударга бус явагдаж, өөрөөр хэлбэл сумын удирдлагууд нь нөлөөлсөн байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг умартаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй уг асуудлыг Ховд аймгийн хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч шалгах нь зүй ёсны хэрэг болж байна.

Б.Пүрэвдулам захиралтай “Болор зам хөгжил” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түүхийг судалж үзвэл өмнө нь замын ажил гүйцэтгэж байгаагүй, хүнсний бөөний болон жижглэн худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, авто машинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмийн тоног төхөөрөмжийн түрээс зэрэг чиглэлэээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.

Гэтэл анх удаа ногоон гэрлээр тендерт шалгарсан нь бүүр ч хачирхалтай. Энэ бүхний цаана сумын удирдлага Б.Батхишиг бий юу, уг тендерээс ашиг хувь хүртэж байгаа юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж байна.

Уг асуудлыг Ховд.мн эрэн сурвалжлах болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл