Чанарын албаны менежер Б.Маралмаа: Тухайн эмэгтэй манай Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр 22 хоног эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын нэр бүхий эмч нар 7 сартай жирэмсэн эмэгтэйд хагалгаа хийхдээ давсгийг нь цоолж, шээсний сувгуудыг нь тасалсан. Үүнээс болж тухайн эмэгтэй 2 сарын дотор 8 удаагийн хагалгаанд орж, биеийн байдал тааруу Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байна. Тухайн эмэгтэйг тээвэрлэхдээ онгоц руу үүрч оруулах, фургон машины суудал дээр энгийн хүн шиг суулгасан гэх зэрэг алдаануудыг эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд гаргасан байна. Эдгээр асуудлуудаас үүдэн тус эмэгтэй ар гэрээс манай сайтад хандсан юм. Тэгвэл бид аймгийн БОЭТ-ийн Чанарын албаны менежер Б.Маралмаагаас энэ асуудлаар тодрууллаа. Чанарын албаны менежер Б.Маралмаа: “Тухайн эмэгтэй манай Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр 22 хоног эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Зохих хэмжээний тусламж үйлчилгээгээ бид үзүүлсэн. Шаардлагатай болоод дараагийн шатны эмнэлэг рүү явуулсан. Манай чанарын албаны хувьд ямар үйл ажиллагааны байр суурьтай байдаг вэ? гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ямар тохиолдлууд гарав, энэ дээр дүн шинжилгээ хийж ажилладаг. Дүн шинжилгээний дагуу холбогдох сайжруулах арга хэмжээнүүдээ төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байгаа. Тухайн иргэнээс манай байгууллагад албан ёсоор хандаж, гомдол ирээгүй байгаа. Манай байгууллага нь иргэнээс ирүүлсэн гомдлыг амаар болон бичгээр, Засгийн газрын 1111 утас гэсэн сувгуудаар мэдээлэл авдаг. Өнгөрсөн 5 дахь өдөр тухайн хүний ээж нь манай байгууллага дээр ирээд “ийм ийм нөхцөл байдалтай байна. Бид нар эм тариатай холбоотой асуудлуудаа шийдвэрлүүлмээр байна” гэсэн. Мөн бид нарт гомдлоо бичгээр гаргаж өгнө гэсэн боловч одоогийн байдлаар өгөөгүй, дахиж холбогдоогүй байна. Гомдол гаргаагүй байгаа учраас тухайн хүнд үзүүлсэн тусламж үйлчилгээтэй холбоотой нарийн асуудлуудыг бид нар тайлбарлах боломжгүй. Яагаад гэвэл бид нарын заасан хэм хэмжээн дотор “Тухайн тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэний хувь хүний нууцлалд ордог” учраас албан ёсны эрх бүхий ар гэрийнхэн болон эцэг эхэд нь тайлбар өгч болно гэж заасан байдаг. Тухайн хүний тавьсан хүсэлтийг шат дараатайгаар удирдлагууддаа танилцуулаад шийдвэрлээд явж байна. Энэ асуудал эмнэлгийн алдаа юу? Биш үү гэдгийг хууль, цагдаагийн байгууллагаас тодорхой болгох байх. Энэ хүн 8 удаа хагалгаанд ороогүй 3 удаа мэс засалд орсон 2 удаа мэс ажилбарт орсон. Тухайн иргэний ар гэрээс Булган сумын Цагдаагийн газарт гомдол гаргасан талаар бид урьдчилсан байдлаар мэдээлэл авсан. Эхийн ноцтой хүндрэлийг хүргэдэг тэргүүлэх шалтгаан буюу умайд ихэс нь бүрэн шигдээд урагцан буюу жинхэнэ шигдэлт. Давхар ихэс төрүүлэлт хавсарсан ийм тохиолдол. Энэ асуудал ганцхан манай аймаг ч биш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын асуудал болж байна. Бид эмч нараа мэргэшүүлэх, техник тоног төхөөрөмжөө сайжруулах зэргээр тодорхой ажлуудыг хийж байна.” Гэсэн тайлбар мэдээллийг өглөө.






















Хариулт (0 )