Ш.Адьшаа гишүүнтэй дөрвөн жил нэг намаас УИХ-д сонгогдон, нэг танхимд ард урдаа орон хамт сууж хууль, тогтоомж баталлаа даа. Хэн нэгэн намайг “Адьшаа гишүүнийг нэг тодорхойлооч” гэвэл би түүнийг “Гүйдэг хүн” гэж тодорхойлно.
Тэр өнгөрсөн он жилүүдэд тойргийнхоо иргэд сонгогчдын төлөө гүйж ажилласан хүмүүсийн нэг тод төлөөлөл нь гэж боддог.
Ер нь тэгээд анзаараад харахад хүний амьдрал өгөө аваатай л байдаг. Нэг өдөр ялан мандаж, нөгөө өдөр нь ялагдан унаж, өөр нэг өдөр нь сэргэн дэлгэрч л байдаг.
Манай Адьшаа гишүүн бол ялагдлаа гээд ч урвайж суудаггүй, яллаа гээд ч баярлаж хөөрдөггүй буурьтай нэгэн. Угаас Ховдын Мөнххайрханы мөнх цаст уул хайрхдын бэлээс ургасан энэ хүнд урвайж суух шалтгаан байхгүй мэт санагддаг.
Одоогийн парламент дотроос Адьшаа гишүүн бол тойргоо хамгийн сайн “эргэдэг” гишүүдийн нэг. Дөрөв дэх, тав дахь гээд л УИХ-ын нэгдсэн чуулганд сууж байсан хүн амралтын хоёр хоногтоо тойрогтоо оччихсон л ажиллаж явна.
Иргэдтэйгээ уулзаж ирээд Ажлын албаныхныг бүрэн хөдөлгөөд хуулийн төсөл боловсруулчихсан бадрааж, төдхөн л хуулийн төслөө өргөн барьчихсан таваргаж явна.
Тэгсгээд эрх баригчид шахаж хавчсаар төслийг нь унагаж харагдана. Тэглээ гээд унжийж урвайж ер сүйд болохгүй дээ, харин ч нэг. Дахиад нэг тогтоолын төсөл барьчихсан л явна.
Жил жилийн намрын чуулган эхлэхэд их ажил ундарна. Ирэх оныхоо төсвийн төсөл, мөнгөний бодлого гээд зай завсаргүй хурлуудын завсраар тойргийнхоо сумдад тулгамдаж байгаа асуудлуудыг зунжин судалж, нэгтгэсэн саналаа Сангийн яаманд гаргаж өгөх их ажилтай л бужигнаж явна.
Зөндөө л гишүүд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг шийдүүлж чадахгүй саналууд нь сугарч үлдэж байхад түүний барьж явсан саналууд яаж ийгээд л төсөвт тусгагдчихсан л явах.
Ер нь тэгээд манай Адьшаа гишүүн ч элдэвтэй хүн шүү. Түүнийг өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын зүгээс харлуулах гэж, халтартуулах гэж их оролдсон доо. Юу үнэн гэвэл энэ үнэн шүү.
Гэхдээ эрх баригчдын шахалт хавчлага дунд хамгийн их тэвчиж, өөрийгөө тэвчээртэй хамгаалсан нь бас л уг хүн. Ер нь тэгээд хүч султай сөрөг хүчин байх хэцүү.
Тэр дундаа хэт олонхын бүрдэл юм л бол сөрөг хүчнээ нухчин дарах дайралтыг үргэлж хийдэг юм байна. Тэр бүх дайралтад нугараагүй Ш.Адьшаа гишүүнээр би хувьдаа бахархдаг юм шүү.






















Хариулт (0 )