“Ганц бие залуус”-ын чуулга уулзалт ирэх 7 дугаар сарын 24-нд “Дөргөн Хатан” нуур дээр 7 хоногийн турш зохион байгуулагдана.
Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлага, түүний үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чухал ажлын нэг хэсэг нь “Ганц бие залуус”-ын чуулга уулзалт юм. Уг уулзалтыг анх зохион байгуулж эхлэхэд олон нийт шүүмжилж хүлээж авч байсан бол харин өнөөдөр залуусын дунд хүлээлт үүсгэж чадсан ажил болжээ. Анхны чуулганаар Говь-Алтай аймгийн 1000 залуу чуулж байжээ. Жил ирэх тусам өргөн цар хүрээг хамарсан ажил болж өнөөдрийн байдлаар чуулганы үр дүнд 100 хос бие биенээ олж танилцан улмаар хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан байна. Ялангуяа хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, цус ойртолт явагдах аюулын харанга ойр байсан учир үүнээс сэргийлэх үүднээс уг үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Харин ч уг ажлыг нэг аймаг биш нийтээрээ хэвшил болгож, Монгол төрийн бодлогод тусгаж, төрөөс дэмжиж ажиллах нь чухал байгааг Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар онцлов. “Ганц бие залуус”-ын чуулга уулзалтыг зохион байгуулснаар залуус өөр хоорондоо танилцаж, нөхөрлөж, харилцаа холбоо тогтоох, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын дархлааг дэмжих, ургийн бичиг хөтлөх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой ажил болжээ. Мөн залуу малчдыг дэмжих зорилгоор 50 тооны бог малыг өмчилж өгөх зэрэг бодлогын чанартай ажлуудыг ч хийж эхлэх юм байна. Уг ажил олон залуусын дунд хүлээлт үүсгэж чадсан ажил болсон тул уг үйл ажиллагааг 2024.07.24-ны өдөр “Дөргөн Хатан” нуур дээр баруун 5 аймгийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвхөн баруун аймаг гэлтгүй, Монголын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй ганц бие залуус оролцох боломжтой юм. Удмын дархлаа, ургийн бичиг хөтлөх гэдэг зүйл орчин үед алдагдснаас болж цус ойртолт бий болох аюулын харанга ойрхон байгааг Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар онцолж байлаа. Мөн тэрээр хэлэхдээ Монголчууд малынхаа удам угсаа, үүлдэрт анхаардаг, малын цус ойртолтыг хамгийн сайн мэддэг хэрнээ, хүнийхээ асуудлыг сүүлийн 30 жил орхисон, цус ойртолтод анхаарахгүй байна. Энэ нь төрийн бас нэг том алдаа хэмээв. Тийм ч учраас ганц бие залуусыг уулзуулж, танилцуулж, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих талаах улс даяар өргөн цар хүрээнд зохион байгуулах шаардлага хэрэгцээ байна гэлээ.






















Хариулт (0 )