Ховд аймаг Камержуулалтын ажлаа бүрэн шийдэж “Ногоон бүс” болно.
Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд Ховд аймаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ногоон бүс” камержуулалтын ажил хийж байна.
Камержуулалтын ажлыг аймаг орон нутгийн төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл 2024.06.07 Ховд аймгийн Цагдаагийн газрын дэргэд Теле камерын хяналтын дэд төвийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ.
“Ногоон бүс” төслийн нэгдүгээр шатанд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто замын 89 уулзварт 300 ширхэг хяналтын камер суурилуулжээ. Мөн хиймэл оюун ухааны 50 ширхэг лиценз, 30 ширхэг автомашины дугаар илрүүлэгчтэй камеруудыг суурилуулсан байна.
Энэ хүрээнд хүүхэд хамгааллыг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс “Ногоон бүс” төслийн хоёрдугаар шатанд аймгийн төвийн 196 орон сууцны гадна орчин, 12 багийн гэр хороолол, зуслангийн бүс, хөдөөгийн 16 сум, Булган хилийн боомт, олон улсын болон хөдөөгийн сумдыг холбосон 1200 гаруй км хатуу хучилттай авто замыг камержуулж, 2024 оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо.






















Хариулт (0 )