Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Япон Улсад хийж буй найман жилийн дараах анхны албан ёсны айлчлал гэдгийг онцлоод, хоёр орны харилцаанд олон жил яригдсан зарим асуудлыг бодит шийдвэрт хүргэж байгааг тэмдэглэв.
Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн нь айлчлалын гол үр дүнгийн нэг болж байна. Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлснээр аялал жуулчлал, тээвэр логистик болон бусад салбарын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна.
Мөн хоёр орны харилцааны хамгийн том баялаг нь хүн гэдгийг Ерөнхий сайд онцолж, Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн олон жил яригдсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр, Давхар татварын хэлэлцээрийн яриа хэлэлцээг мөн 2026 онд эхлүүлэхээр тохиролцсон талаар мэдээллээ. Эдгээр нь Япон Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон хоёр орны бизнес, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин чухал болохыг тэмдэглээд, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд шинэчлэн ажиллах талаар танилцууллаа.
Мөн Засгийн газрын “Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Тухайлбал, 280 төрлийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн бөгөөд УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Түүнчлэн гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нээлттэй болж, БНСУ-ын хоёр, Унгарын нэг банк Монголын зах зээлд ажиллах сонирхлоо илэрхийлээд байгаа талаар мэдээлэв.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулалтын шинэ суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч BlackRock компанитай хамтран ажиллаж буйгаа мөн танилцууллаа. Цаашид төрийн өмчит компаниудыг олон улсын жишигт нийцүүлэн засаглалын шинэ тогтолцоонд шилжүүлж, IPO гаргах, менежментийг олон улсын мэргэжлийн компаниар удирдуулах чиглэлд ажиллана гэв.
Мөн ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өсөх боломжтой гэж Ерөнхий сайд мэдээллээ.
Уулзалтын үеэр Япон Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд өөрсдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлаа Ерөнхий сайдад уламжилж, холбогдох асуултад хариулт авсан байна.
Одоогоор Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байгаа бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрх ашгийг хамгаалах асуудал хоёр орны харилцааны нэг чухал хэсэг болж байна.






















Хариулт (0 )