Ховд аймагт амиа алдсан охины ар гэрт олон улсын мэргэшсэн сэтгэл зүйчдийн баг энэ сарын 7-нд ирж ажиллана.
Ховд аймгийн Буянт суманд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 10 настай охины ар гэрт олон улсын мэргэшсэн сэтгэл зүйчдийн баг ажиллана.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан бусдын гарт амиа алдсан 10 настай охины аав С.Аманжол болон түүний хууль ёсны өмгөөлөгчтэй уулзаж, шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгдлээ.
Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хэд хэдэн асуудлыг хөндөн ярьж, шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, талийгаачийн ар гэр Улаанбаатар хот руу шилжин суурьшихтай холбоотойгоор хүүхдүүдийн хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх, сурах эрхийг нь хангах үүднээс харьяаллынх нь дагуу сургуульд нь шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын газрын дарга Х.Тамиртай уулзаж, шийдвэрлэжээ.
Мөн тухайн гэр бүлийн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдэд шаардлагатай хичээлийн хэрэгслийг олгох, өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж буй өмгөөлөгчдөд зохих дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас Ховд аймагт ажиллах сэтгэл зүйчдийн зардал болон ар гэр, өмгөөлөгчдийн замын зардлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хариуцан гаргахаар болжээ.
Тэрээр “Танай гэр бүлд тохиолдсон хүний ёсноос гажууд хэрэгт харамсаж, гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хүүхэд алга болсноос хойших бүхий л үйл явцад манай байгууллагын зүгээс Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллаж, ерөнхий чиглэлээр хангаж байсан.
Бид Буянт сумын 100 жилийн ойг хойшлуулах чиглэл өгч, ард иргэдэд уриалга гаргах тухай тус сумын Засаг даргад санал гаргаж байсан.
Бид илүү мэргэшсэн олон улсын байгууллагын багтай хамтран ажиллах нөхцөл үүсч байна гэж үзэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сантай холбогдож, хамгийн богино хугацаанд сэтгэл зүйн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх хүмүүстийг илэгээхээр болсон” хэмээн ярилаа.
Эхний ээлжид хоёр сэтгэл зүйч Ховд аймагт ажиллана. Тухайлбал, н.Баасанбат болон Европт уй гашууны үеийн хүний сэтгэл зүйг тайвшруулах чиглэлээр мэргэшсэн н.Энхтуяа нар ажиллахаар болжээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас ар гэрийнхэн хэвийн байдалд орох хүртэл хамтран ажиллах юм.
2026 оны есдүгээр сарын 7-нд н.Баасанбат сэтгэл зүйч Ховд аймагт ажиллахаар явах бөгөөд н.Энхтуяагийн томилолтын асуудлыг мөн шийдвэрлэн явуулах аж.
Бид талийгаачийн ар гэрийнхэн маш хүнд сэтгэл зүйн байдалтай байгааг сайтаараа дамжуулан олон нийтэд мэдээлж байсан. Өнөөдөр тус асуудлыг шийдвэрлэлээ.
Ховд.мн уг хэргийн мөрөөр тэнцвэртэй, үнэн зөв мэдээ, мэдээллийг холбогдох хүмүүсийн зөвшөөрөлтэйгээр цаг тухай бүрд нь мэдээлэх болно.






















Хариулт (0 )