khovd.mn

Эрчим хүчний зохицуулах зөвлөл зуны тарифыг тогтоож өгвөл хэрэглээний халуун усаар хангана

Ховд аймагт байрны оршин суугчдын хувьд урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хэрэглээний халуун усны асуудал жил бүр хөндөгддөг. Тэгвэл энэ жилийн хувьд халуун ус өгөх боломжтой эсэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодрууллаа. Ховд дулааны станц ТӨХК-ийн газрын дарга Д.Энхсайхны мэдээлснээр тус байгууллага нь Ховд аймгийн хэмжээнд нийт 3800 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр […]

0
104
Эрчим хүчний зохицуулах зөвлөл зуны тарифыг тогтоож өгвөл хэрэглээний халуун усаар хангана

Ховд аймагт байрны оршин суугчдын хувьд урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хэрэглээний халуун усны асуудал жил бүр хөндөгддөг.

Тэгвэл энэ жилийн хувьд халуун ус өгөх боломжтой эсэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодрууллаа.

Ховд дулааны станц ТӨХК-ийн газрын дарга Д.Энхсайхны мэдээлснээр тус байгууллага нь Ховд аймгийн хэмжээнд нийт 3800 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг байна.

Халуун ус өгөх эсэх асуудлын хүрээнд 2026 оны 5 сарын 15-наас 8 сарын 1 хүртэлх 2 сар 15 хоногийн хугацаанд халуун ус өгөх боломжтой гэж үзэн, тухайн хугацааны зардлыг 506 сая төгрөгөөр тооцож, төсөв мөнгөний тооцооллоо Эрчим хүчний зохицуулах хороо руу хүргүүлжээ.

Мөн Ховд дулааны станц ТӨХК нь 2025 оны 1 сараас эхлэн нэг хүний сарын хэрэглээний халуун усны зардлыг 9000 төгрөг байхаар шинэчилсэн тарифаар тооцож эхэлсэн байна.

Гэвч гол яригдаж буй асуудал нь тухайн хугацаанд айл өрхүүдээс авах төлбөр нийтдээ 41 сая төгрөг болж байгаа юм. Энэ нь хэрэглээний халуун ус өндөр зардлаар үйлдвэрлэгдэж байгааг илтгэж байна. Нийт төсөвлөсөн зардалд хүрэлцэхгүй байгаа тул төрөөс дэмжлэг авах эсвэл айл өрхүүдийн сарын хураамжийг нэмэх шаардлага үүсэж болзошгүй талаар тус газрын дарга Д.Энхсайхан онцоллоо.

Иймд зуны халуун усны тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах шаардлагатай байгаа юм.

Зуны улиралд хэрэглээний халуун усны зардлыг нэмэх асуудлыг тус хороонд хүргүүлсэн бөгөөд хариу ирсний дараа иргэдтэй хэлэлцэн шийдвэрлэх аж.

Мөн нэгдсэн тариф тогтоох тохиолдолд байрны оршин суугчдын тоо харилцан адилгүй байдаг тул анхаарах шаардлагатайг албаныхан хэлж байна. Цаашид боломж бүрдвэл нарны эрчим хүч ашиглан 6 га талбайг эрчим хүчээр хангах боломжтой талаар тус газрын дарга Д.Энхсайхан мэдээллээ.

Харин Ховд дулааны станц ТӨХК-ийн хувьд хоёр зуух нь их засвартай, нэг зуух нь урсгал засвартай, дөрөвдүгээр зуух нь бүрэн хүчин чадлаар ашиглалтад ороогүй нөхцөл байдалтай байгаа аж.

Хэрэглээний халуун усны асуудлаар Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин Ховд дулааны станц ТӨХК болон Бадамлах дөл ХХК зөвшилцөж.

Жаргалант сумын Засаг даргын мэдээлснээр Бадамлах дөл ХХК болон Ховд дулааны станц ТӨХК-иас төсвийн тооцооллоо ирүүлжээ. Үүнд Ховд дулааны станц ТӨХК 506 сая төгрөг, харин Бадамлах дөл ХХК 1 тэрбум төгрөгийн төсөв танилцуулсан байна.

Ховд дулааны станц ТӨХК хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороо руу хүргүүлсэн бол Бадамлах дөл ХХК-ийн төсвийн тооцооллыг үндэслэлгүй гэж үзэн буцаажээ. Улмаар 2026 оны 5 сарын 25-ны өдөр үндэслэлтэй шинэчилсэн тооцооллоо танилцуулах шаардлага хүргүүлсэн байна.

Мөн Жаргалант сумын төсөвт хэрэглээний халуун усны зардал тусгагдаагүй байгаа аж. Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглээний халуун усны тариф тогтоовол тодорхой хэмжээний төлбөрийг иргэдээс авч, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломжтой талаар Б.Амартүвшин онцоллоо.

Зах зээлийн зарчмаар үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч өөрөө төлөх ёстой. Гэвч одоогийн мөрдөж буй тарифаар тооцвол хоёр дулааны станц хоёулаа алдагдалтай ажиллах нөхцөл үүсэж байгаа аж.

Бадамлах дөл ХХК-ийн хэрэглэгчийн үнэ тарифыг Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл тогтоох боломжтой бол Ховд дулааны станц ТӨХК-ийн үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог байна.

Тус асуудлаар Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Б.Гомбосүрэнгээс тодруулахад, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу улсын хилийг дайран өнгөрөх эрчим хүчний шугам, байгууламж болон 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламжид тусгай зөвшөөрөл шаарддаг гэв.

Мөн дээрх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо олгодог бөгөөд нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн зохицуулалтад хяналт тавин ажилладаг аж. Үүнд Ховд дулааны станц ТӨХК хамрагддаг байна.

Харин Бадамлах дөл ХХК-ийн хувьд Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тухайн байгууллагын үндэслэл, зардлын тооцооллыг харгалзан үзэж шийдвэрлэх боломжтойг хэллээ.

Түүнчлэн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2025 оны 12 сарын 1-нд үнэ тариф шинэчлэх тогтоол гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлжээ. Уг тогтоолд ахуйн хэрэглээний халуун усны дулааны төлбөрийг 1 м.кв талбай тутамд 3000 төгрөг, нэг хүний сарын хэрэглээг 9000 төгрөгөөр тооцохоор тусгасан байна.

Б.Гомбосүрэнгийн хэлснээр хуучин тарифаар халуун усны үйлчилгээг үргэлжлүүлэх боломжгүй бөгөөд айл өрхүүдээс тодорхой хэмжээний нэмэгдсэн тариф авах, эсвэл төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага үүсэж байгаа аж. Гэхдээ иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгааг тэрээр онцоллоо.

Бадамлах дөл ХХК-ийн хэрэглээний халуун усны 1 тэрбум төгрөгийн төсөв маргаан дагуулж, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Бадамлах дөл ХХК нь 1800 орчим хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангадаг ч ирүүлсэн төсөв нь үндэслэлгүй, хэт өндөр байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Манай сайт тус байгууллагаас тодруулга авахыг хүссэн ч ажлын байр нь эзгүй байв. Тус компанийн албан тушаалтнууд томилолтоор хотод ажиллаж байгаа гэх тайлбарыг ажилтнууд нь өгсөн юм.

Ховд дулааны Бадамлах дөл ХХК-ийн захирал нь Д.Сурмаажав гэх хүн юм.

Өндөр дүнтэй төсөв ирүүлсэн нь хариуцлагагүй, хайнга хандсан үйлдэл үү, эсвэл төсвийн мөнгийг завших эрсдэл дагуулж байна уу гэх хардлага ч иргэдийн дунд үүсээд байна.

Өнгөрсөн жилүүдэд Ховд аймагт 2-3 сарын хугацаанд хэрэглээний халуун ус өгч байсан бөгөөд зуны урсгал засвар хийх шаардлагын улмаас тодорхой хугацаанд хязгаарлалт хийдэг байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл