Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийн төслийг эцэслэн баталснаар стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж буйг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Сангийн сайдын мэдээлснээр, Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж, жил бүр нэг тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломж бүрдэх аж. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун бүсийг 100 хувь дотоодын эрчим хүчээр хангаж, импортын цахилгаан эрчим хүчний зардлыг жил бүр 18-20 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гарчээ.
Тус станц нь Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг найдвартай эрчим хүчээр хангахаас гадна баруун бүсэд байгуулагдах уул уурхай, нефть, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлэх юм.
Мөн барилга угсралтын ажлын үеэр 800-1000 түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болохоор төлөвлөжээ. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр болж, жилд 330 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, “Ус” үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн төсөл юм.
Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг багтааж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байдаг.
Төслийн нэгжийг Эрчим хүчний сайдын 2015 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 72 дугаар тушаалаар байгуулсан бөгөөд Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар тушаалаар 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Албан ёсны төлөвлөгөөнд барилгын үндсэн ажлыг 2022 онд эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулахаар тусгасан байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төлөвлөж буй далангийн талбар нь Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км-ийн зайд, Ховд голын Шижигтийн хавцалд байрлах юм.






















Хариулт (0 )