khovd.mn

2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ баталлаа

УИХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг баталлаа. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах, Монголбанкны бие даасан байдал болон засаглал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд […]

0
12
2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ баталлаа

УИХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг баталлаа.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах, Монголбанкны бие даасан байдал болон засаглал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд инфляцын суурь шалтгаан болж буй мөнгөний илүүдэл нийлүүлэлтийг бууруулах, Төв банкны институцийн чадавхыг бэхжүүлэх нийт 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монголбанкнаас сүүлийн 15 жилийн эдийн засаг, мөнгөний бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр эдийн засгийн бодит өсөлтөөс давсан мөнгөний нийлүүлэлт, төсвийн шинжтэй санхүүжилт болон төсвийн тэлэлт нь инфляцыг өндөр түвшинд удаан хадгалагдахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Тиймээс шинэ бодлогын хүрээнд эдгээр хүчин зүйлсийг бууруулж, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг сайжруулахад анхаарчээ.

Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2027-2030 онд жил бүр нэг их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргахаар тусгасан байна. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор 2028-2032 онд жил бүр мөн нэг их наяд төгрөгөөс доошгүй дүнтэй үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь зах зээл дэх илүүдэл мөнгийг татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Төв банкны санхүүгийн чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм.

Мөн Монголбанкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх явдлыг цаашид хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр Монголбанк үндсэн чиг үүрэг болох үнийн тогтвортой байдлыг хангахад илүү төвлөрөх нөхцөл бүрдэх юм. Энэ хүрээнд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажлыг 2027 онд хангаж, 2028 онд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Харин өмнө нь зээл авсан иргэдийн зээлийн гэрээ болон хүүгийн нөхцөлд өөрчлөлт орохгүй гэжээ.

Валютын бодлогын хувьд төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдуулан уян хатан тогтох зарчмыг баримтлах юм. Түүнчлэн төрийн өмчит уул уурхайн компаниуд экспортын валютын орлогоо Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзахаар тусгасан байна. Ингэснээр валютын зах зээл дэх өрсөлдөөн, ил тод байдлыг нэмэгдүүлж, төгрөгийн илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах зорилготой.

Үүнээс гадна санхүүгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн дэд бүтцийг шинэчлэх, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, бодлогын хүү эдийн засагт нөлөөлөх дамжих механизмыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Банк, санхүүгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ цахим залилангаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ бодлогын баримт бичиг нь Монголбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегитай уялдаж байгаа бөгөөд зөвхөн богино хугацааны мөнгөний бодлогын зохицуулалт хийхээс илүүтэй инфляцыг бий болгож буй эдийн засгийн тогтолцооны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, УИХ-д тайлагнах бөгөөд тусгасан шинэчлэлүүдийг үе шаттай, тууштай хэрэгжүүлснээр инфляцыг тогтвортой нам түвшинд хүргэх, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл