Улсын хэмжээнд нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Энэ нь өмнөх арав хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ус, цаг уур, орчны мэдээ мэдээллийн төвөөс гаргасан арваннэгдүгээр сарын 20-ны хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр Увс, Завхан аймгийн зарим сумдад цасны зузаан 30 см-ээс давжээ.
Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан болон Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад цасны зузаан 30 см-ээс их байна.
Харин Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумдад 21–30 см, баруун болон төвийн бүсийн зарим аймаг, сумдад 11–20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Нийт нутгийн 63 хувьд 10 см-ээс бага зузаантай цастай байгаа бол 10 хувьд 11–20 см, 4 хувьд 21–30 см, 1 хувьд 30 см-ээс их зузаан цас тогтсон байна.
Ийнхүү өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ эрс нэмэгдэж, өвөлжилтийн нөхцөл байдалд анхаарах шаардлагатай байгааг хэмжилтийн дүн харуулж байна.






















Хариулт (0 )