khovd.mn

А.Амина охиныг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Ховд аймгийн Буянт суманд энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай А.Амина охиныг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Соёлын нэгдлийн 513 тоотод оршин суух 10 настай А.Амина 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлын хүмүүстэй […]

0
253
А.Амина охиныг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Ховд аймгийн Буянт суманд энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай А.Амина охиныг эрэн хайх ажиллагаа 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Соёлын нэгдлийн 513 тоотод оршин суух 10 настай А.Амина 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлын хүмүүстэй тарвас хураахаар явна гэж хэлээд гэрээсээ гарч, сураггүй болж.

Тус дуудлага мэдээлэл 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдэж.

Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 92 хүн, 10 автомашин, дөрвөн мотоцикл, нэг эрэлч нохой, хоёр дрон, нэг завь оролцож байна.

Эрлийн баг дөрвөн хэсэгт хуваагдан ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр хэсэг Буянт сумын төвийн айл өрх, объект, ариун цэврийн байгууламж, худгуудыг шалгаж байна. Хоёрдугаар хэсэг завьтайгаар Мянгад сумын гүүрнээс Ховд голын дагуу эрэл хийж байгаа бол гуравдугаар хэсэг хоёр дроноор Ховд голын дагуу эрэл хайгуул хийж байна. Харин дөрөвдүгээр хэсэг Буянт сумын Норжинхайрхан багаас зүүн урд зүгт 108 гэх газрыг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаанд нийт давхардсан тоогоор 1007 алба хаагч, ар гэрийн 128 хүн, 148 автомашин, 45 мотоцикл, нэг эрэлч нохой, хоёр дрон, нэг завь оролцож, үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Буянт сумын хэмжээнд 948 айл өрх, 623 ногооны зоорь, 389 худгийн нүхэнд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн 191.5 га талбайг дроноор, 932 км замыг явганаар болон автомашинаар, 28 км зайг завиар туулан эрэл хайгуул хийсэн байна.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хурандаа П.Бямбадоржийн мэдээлснээр, эрэн хайх ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд олон байгаа аж.

Тэрбээр “Эрэн хайх ажиллагаанд сайн дураар оролцох хүсэлтэй иргэд байна. Бид тухайн хүмүүсийн аюулгүй байдлыг харгалзан үзэж, боломжтой гэж үзсэн иргэдийг эрлийн багт нэгтгэн ажиллуулж байна. Одоогоор эрэн хайх ажиллагаанд тулгамдаж буй асуудал нь шатахууны хомсдол юм. Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа автомашин, завь зэрэг техник хэрэгслүүдэд шатахуун шаардлагатай. Хэдийгээр ШТС-тай гэрээтэй ч шатахууны хомсдолоос шалтгаалан тодорхой хүндрэл гарч байна” хэмээн мэдээллээ.

Буянт сумын Шуурхай штабаас А.Амина охиныг эрэн хайх ажиллагаанд иргэдийг оролцохыг уриалсан байдаг.

Уриалгад “Сураггүй алга болсон 10 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажилд Онцгой байдал, Цагдаа, Цэргийн анги, сумын мэргэжлийн анги болон ар гэрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн тасралтгүй ажиллаж байна.

Эрэл хайгуулын бүсийг тэлэх, эрэн хайх ажиллагааны эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор сумын нийт иргэд, залуус, сайн дурынхныг уг ажиллагаанд сайн дураар оролцож, тус дэм болохыг уриалж байна.

Та эрэн хайх ажиллагаанд оролцохыг хүсвэл Сумын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлнэ үү.

Мөн биечлэн оролцох боломжгүй иргэд хашаа, саравч, агуулах, худаг болон ойр орчмын эзэнгүй, сэжигтэй газруудыг сайтар нягталж шалган туслахыг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

Эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлт болон холбогдох журмын дагуу зохицуулах бөгөөд одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж цаашдаа цар хүрээгээ тэлэх төлөвлгөөтэй байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл