Ховд аймаг энэ жил “Гэрэлтүүлэг” болон “Хяналтын камерт” өндөр ач холбогдол өгч байгаа. Мэдээж гэрэлтүүлэг, хяналтын камерын асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал асуудлын нэг болж байгаа билээ. Ялангуяа орой өглөөд хичээл сургууль эхлэх, тарах үеэр бага насны хүүхдүүд харанхуй гудамжаар зорчиж байгаад, золбин нохдод хазуулах асуудал энгийн үзэгдэл болсон. Нөгөө талдаа камергүй газрыг далимдуулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлүүд ч бүрдэж байгаа юм. Иймд Ховд хотыг гэрэлтүүлж бүрэн камержуулснаар иргэд айх аюулгүй зорчих, нөгөө талдаа гэмт хэргийн гаралтууд буурч, камерын тусламжтайгаар нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй аливаа гэмт хэргийг илрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тийм ч учраас 2023 оны төсөвт зөвхөн гэрэлтүүлэг дээр 1.9 тэр бум төгрөг, хяналтын камер дээр 1.5 тэр бум төгрөгийн төсөвт өртгийг тус тус баталсан. Гэрэлтүүлгийн ажлууд эхнээсээ тодорхой цэгүүдэд хийгдэж эхлээд байна. Ингэхдээ хэд хэдэн хэсгүүдэд төсвийг нь хуваариласан байна. Бид хамгийн бага өртөг буюу “Холбооны цамхаг гэрэлтүүлэх” 9 сая төгрөгийн төсвөөр хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг сурвалжилж төсвийн мөнгө үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэх асуудлыг хөндлөө. Энэ асуудлаар “Цахилгаан холбооны сүлжээ” ТӨХК-ийн дарга Г.Ганжаргалаас тодруулан ярилцлаа. Тэрээр хэлэхдээ манай холбооны цамхаг 2022 онд хийгдсэн. Ховд аймгийн хамгийн өндөрлөг цэг. Тийм ч учраас Ховд хотынхоо өнгө үзэмжийг нэмье гэж хүсэлт өгөөд уг асуудлыг шийдүүлсэн. 9 сая төгрөг зөвхөн бараа материалын үндээ л таарсан .Манай байгууллагаас илүү зардал гараад явж байгаа. Манай байгууллага мэргэжлийн инженер, туршлагатай ажилчдынхаа нөөц боломжийг ашиглаад өөрсдөө хийхээр шийдвэрлэсэн. Тэр саналыг маань ч аймаг дэмжсэн. Удахгүй ашиглалтанд орно. 20 сая төгрөгнөөс доош төсөвтэй ажлыг шууд гэрээгээр олгодог журамтай. Тэр журмынх нь дагуу 70 болон 30 хувиар санхүүжилтээ шийдүүлээд явж байгаа хэмээв. Ямартай ч холбооны цамхаг орчин үеийн гэрэлтүүлэгтэй болох нь.
Хариулт (0 )