khovd.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөхөө илэрхийлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгөө нуусан, хууль зөрчсөн, ард түмнээ дарангуйлсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан хэд хэдэн мэдэгдлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн. Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11:00 цагт олон нийтэд хандаж […]

0
21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа өгөхөө илэрхийлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгөө нуусан, хууль зөрчсөн, ард түмнээ дарангуйлсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан хэд хэдэн мэдэгдлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн.

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11:00 цагт олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Сүүлийн үед үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институц рүү зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээргүй довтолгоо хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал боллоо.

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол Монгол Улсын ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд, ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу гэж бодлоо.

Хэсэг хугацаанд чимээгүй явлаа, харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн болж байгаа юм болгонд хариулт өгөөд, сошиал ертөнцөд орж, янз бүрийн асуудал ярьж, бичих боломжгүй. Ярьж болох, болохгүй зүйл гэж бий.

Монгол Улсад хүн биш, хууль засаглана. Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байна.

Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд, үнэн зөвөө тогтоолгох нь зүйтэй гэсэн шаардлага гаргасан. Үүнтэй би санал нэг байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн эрхэм үүргээ хүлээлгэн өгнө. Тэгээд миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа ард түмэн, төр засгаасаа хулгай хийгээгүй, харин хулгайд алдагдсан үйлдвэр, уурхайг эх орондоо авчирч байсан гэдгээ онцолсон юм.

Түүнчлэн ажлаа хүлээлгэн өгсний дараа иргэний хувиар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, ярих зүйлээ дэлгэрэнгүй ярина гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөхөө мэдэгдсэний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилснаа мэдэгдээд байгаа юм.

Харин Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий. Өөрөө ч сүүлд хэлсэн, ‘олон арга байгаа’ гэж. Түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан.

Албан тушаалаас зууралддаггүй, өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж, эргэн ирэхдээ улам аймшигтай болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Дэглэмийн удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдгаараа байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр хуваарийн дагуу ээлжит лайваа хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Улсын Их Хуралд гаргах бөгөөд УИХ уг хүсэлтийг ёсоор болгосон тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болохоор заасан байдаг.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.2-т заасны дагуу Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улмаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ил санал хураалт явуулж, нийт гишүүний олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Мөн УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл