khovd.mn

Л.Билэгдэмбэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлалаа

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхамжавын Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанаар шүүх хуралдааны дэгийг танилцуулж, улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа хэргийн […]

0
648
Л.Билэгдэмбэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлалаа

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхамжавын Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанаар шүүх хуралдааны дэгийг танилцуулж, улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаан зургаан цаг гаруй үргэлжилж, шүүхээс Л.Билэгдэмбэрэлийг гэм буруутайд тооцон дараах ялыг оногдууллаа.

Л.Билэгдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан байна.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялыг хорих ялаар солихыг шүүгдэгчид санууллаа.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Л.Билэгдэмбэрэл нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Тодруулбал, 2017-2021 онд нэр бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дансанд нийт хэд хэдэн удаагийн шилжүүлэг хийж, улмаар тухайн мөнгөнөөс өөрийн төрсөн охин Э.Сувд болон тус газрын нягтлан бодогчийн дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Яллагдагч Л.Билэгдэмбэрэл нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100…..10 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий компанийн 110…..53 тоот данс руу “Бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээний материалын үнэ” гэсэн утгаар 5 сая 700 мянган төгрөг шилжүүлж, улмаар тус компанийн Хаан банкны 58…..62 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн охины Хаан банкны 57…..23 тоот данс руу 1 сая 430 мянган төгрөг шилжүүлсэн байна.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий компанийн данс руу “Сэтгүүлийн үнэ” гэсэн утгаар 6 сая 505 мянган төгрөг шилжүүлж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн охины данс руу “Бэлэн мөнгө авах тухай” гэсэн утгаар 5 сая 854 мянга 500 төгрөг шилжүүлжээ.

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэр бүхий төрийн бус байгууллагын данс руу “Эсгүүрчний мэргэжил олгох сургалтын 24 иргэний сургалтын санхүүжилт” гэсэн утгаар 2 сая 160 мянган төгрөг шилжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн охин Э.Сувдын Хаан банкны данс руу “Сургалтын материал” гэсэн утгаар 1 сая 100 мянган төгрөг шилжүүлсэн байна.

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий компанийн данс руу 2 сая 875 мянган төгрөг шилжүүлж, улмаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус газрын нягтлан бодогчийн дансыг ашиглан 647 мянга 500 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Дээрх мөнгөн шилжүүлгүүдийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий төрсөн охин Э.Сувд болон нягтлан бодогчийн дансаар дамжуулан өөрийн эзэмшилд авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт нийт 12 сая 732 мянган төгрөгийн хохирол учруулжээ.

Л.Билэгдэмбэрэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан үйлдэлд хариуцлага тооцож буй нь төрийн албан тушаалтнуудад анхаарах, сургамж болохуйц үйл явдал боллоо.

Төсөв, төрийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, иргэдэд хүргэх нь төрийн албан тушаалтнуудын хүлээх үүрэг юм. Харин нийтийн зориулалттай хөрөнгийг хувийн ашиг сонирхолд ашигласан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртайг дээрх шүүхийн шийдвэр харууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл