ХОВД ЭКО ПАРК” ТӨСЛИЙН ЭХЛЭЛ ТАВИГДАЖ, ХОВД АЙМАГТ НОГООН БАЙГУУЛАМЖ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Хөх булан хэмээх газарт “ХОВД ЭКО ПАРК” төслийн эхлэл албан ёсоор тавигдаж, 100 га талбайд 120 мянган мод тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Тус төсөл нь байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой бөгөөд Ховд аймагт томоохон хэмжээний ногоон бүс байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Төслийн нээлтийн арга хэмжээнд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Балжинням, Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Буянт сумын Засаг дарга Ж.Бумбат, ойн ангийн мэргэжилтнүүд болон аймгийн иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.
“Нью Прогресс Групп” ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа ойжуулалт, ногоон байгууламжийн төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж иржээ.
Тухайлбал:
* 2022 онд Ховд аймгийн Жаргалант суманд 2 га талбай бүхий усалгааны системтэй мод үржүүлгийн талбай байгуулж, 500 мянга гаруй мод үржүүлэх төслийг эхлүүлсэн.
* 2023–2024 онд Буянт сум дахь “Ховд Эко Цемент” үйлдвэрийн гадна талбайд 8 мянга гаруй мод тарьсан.
* 2025 онд Жаргалант сумын төвд усалгааны систем, хамгаалалтын хашаатай 12 мянган мод тарих төслийг хэрэгжүүлсэн байна.
Эдгээр ажлын үргэлжлэл болгон “ХОВД ЭКО ПАРК” төслийг Хөх булан орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 100 га талбайд ойжуулалт, ногоон бүс, эко парк, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.
Төслийн хүрээнд 2026–2028 оны хооронд нийт 120 мянган мод тарихаар төлөвлөсөн байна. Үүнд:
* 2026 онд — 30 мянган мод
* 2027 онд — 70 мянган мод
* 2028 онд — 20 мянган мод тарихаар төлөвлөжээ.
Мөн тухайн бүсийн экологийн нөхцөлд тохирсон мод, бут сөөгөөр ойжуулалт хийж, салхины болон хөрсний хамгаалалтын ногоон бүс байгуулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цаг, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн эко орчныг үе шаттай бүрдүүлэхээр зорьж байна.
Төслийн онцлог нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, орон нутгийн иргэдийн оролцоог чухалчилж буйгаараа онцлог юм.
“Нью Прогресс Групп” ХХК нь өөрийн мод үржүүлгийн талбайд гурван жилийн хугацаанд бойжуулсан 420 мянган ширхэг модны нөөц бүрдүүлсэн бөгөөд үүнээс эхний ээлжийн моднуудыг “ХОВД ЭКО ПАРК” төсөлд шилжүүлэн суулгах боломж бүрдээд байна.
Төсөл хэрэгжсэнээр:
* Ховд аймагт томоохон хэмжээний ногоон байгууламж бий болно
* Тоосжилт, салхины нөлөөлөл буурна
* Иргэдийн амралт, чөлөөт цагийн орчин нэмэгдэнэ
* Байгаль орчны боловсрол, эко соёлыг түгээн дэлгэрүүлэх жишиг орчин бүрдэнэ
* Ирээдүй хойч үед зориулсан тогтвортой хөгжлийн үнэ цэнтэй орчин бий болох юм.
Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов “Цөлжилтийг сааруулахад чиглэсэн маш чухал ажил хэрэгжиж байна. Ховд аймгийн нутаг дэвсгэрт 120 мянган мод тарихаар төлөвлөж буйд талархалтай байна” хэмээн онцоллоо.
Төслийн хүрээнд “Хамтдаа ногоон ирээдүйг бүтээе”, “Хамтдаа эко парктай болцгооё” уриан дор орон нутгийн иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх олон нийтийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.






















Хариулт (0 )