Ойн бүсэд байсан 25 аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг чөлөөлжээ.
Өнгөрөгч өдрүүдэд Жаргалант сумын ойн бүсийн зарим газрыг чөлөөлж, хууль бусаар татсан тор, хашааг буулгах ажлыг зохион байгуулсан.
Тодруулбал, Жаргалант сумын Засаг даргын захирамжийн хүрээнд ойн бүсэд байрлаж байсан 33 иргэн, аж ахуйн нэгжээс 25 аж ахуйн нэгжийн эзэмшиж байсан нийт 18 гаруй га газрыг шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлсөн.
Б. Амартүвшин энэ талаар “Ойн бүсийг чөлөөлж, иргэдийн ая тухтай амрах нөхцөл бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал олон жил яригдсан. Ойн бүсийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн зураг төслийн уралдаанд шалгарсан зураг бий. Цаашид уг төслийн төсвийг албан ёсоор батлуулах ажил үлдсэн. Хэдий хэмжээний төсөв шаардлагатай нь одоогоор тодорхойгүй байгаа ч ирэх оны аймгийн төсөвт суулгаж, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн мэдээлэв.
Одоогийн байдлаар тухайн ойн бүс хэсэгчлэн чөлөөлөгдсөн ч шүүхийн маргаанд ялсан найман айлын гэр энд, тэнд байрлаж байгаа аж.
Албаныхан тухайн бүсэд цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд иргэдийг ухамсартай байхыг холбогвох албаныхан уриаллаа.
Мөн ойн бүсэд барилга байгууламж барьж, бетон цутгасан айлууд байгаа бөгөөд зарим нь шүүхийн шатанд ялсан нөхцөл байдалтай байгаа аж. Түүнчлэн бие засах газар барьсан, худаг гаргасан зэрэг зөрчлүүд ч бүртгэгдсэн байна.
Б. Амартүвшин “Одоогоор ойн бүсийг бүрэн хашаалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэмжээний төсөв аймагт байхгүй. Ирэх оны төсөвт хөрөнгө суулгаж, нэгдсэн хашаа татан хамгаалалтад авна” гэдгийг онцоллоо.
Дээрх асуудлуудыг үе шаттайгаар, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх юм байна.
Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлд сум, дүүргийн Засаг дарга нь:
* ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,
* ойг хамгаалах, нөхөн сэргээх,
* зөрчлийг арилгуулах,
* ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад хяналт тавих
бүрэн эрхтэй гэж заасан байдаг.
Мөн УИХ-ын гишүүн Э. Болормаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ ойн бүсийн асуудлыг цэгцлэхэд анхаарч ажиллаж байсан бөгөөд 2025 онд ойн бүсэд хууль бусаар газар эзэмшиж байсан 28 иргэний газрын гэрчилгээг хүчингүй болгон чөлөөлж байжээ.






















Хариулт (0 )