Увс аймгийн Өлгий сумын сургуулийн наймдугаар ангийн сурагч учир битүүлгээр нас баржээ.
Увс аймгийн Өлгий сумын сургуулийн дотуур байрны наймдугаар ангийн сурагч учир битүүлгээр нас барсан талаар талийгаачийн ээж О.Буянхишиг манай сайтад хандсан юм.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 25-ны өглөө талийгаач хүү сумын төвд байдаг гэртээ боомилсон байдалтай олдсон байна.
Талийгаачийн ээжийн мэдээлснээр, хүү нь нэгдүгээр ангиасаа хойш дотуур байранд амьдарч байжээ. Тэрбээр цовоо сэргэлэн, тусч хүүхэд байсан хэмээн ярьсан юм.
Мөн хүүг нь үе тэнгийн нэр бүхий гурван хүүхэд дээрэлхдэг байсан бөгөөд өмнө нь ч удаа дараа дээрэлхүүлж байхыг хүмүүс харж байсан талаар ээж нь ярьлаа.
Тухайлбал, талийгаачийг морины зүчээнд дээрх хүүхдүүдийн нэг нь цохиж байхыг хоёр хүүхэд харж, энэ талаар хэлж байсан аж. Мөн талийгаачийн ээжийн хэлснээр, хүүгийнх нь нүд хөхөрч, биед нь зураас гарсан тохиолдлууд байсан байна.
Түүнчлэн талийгаач хүү дотуур байрнаас гарах хүсэлтэй байгаагаа гэр бүлийнхэндээ өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан аж. Тодруулбал, “Байрнаас гармаар байна. Та намайг гаргаад авчих” гэж хадам ахдаа болон ээждээ хэлж байсан бөгөөд нас барахынхаа өмнөх өдөр хадам ахдаа “Намайг гаргаад аваач, би гэртээ баймаар байна. Байранд амьдрах хэцүү байна” гэж хэлсэн хэмээн ээж нь ярьсан юм.
Улмаар хүүхэд нас барахынхаа өмнөх өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 24-ний өглөөний 08:00 цагийн үед дээрх хүүхдүүдийн нэр бүхий зарим нь талийгаачийн гэрт очиж, зодож байсныг урд айлын хөршийн хүн харж, салгаж явуулсан байна.
Талийгаач хүү 2026 оны 5 сарын 24-ны өдөр өглөөний 09:30 цагийн үед байрны жижүүрт “Би хоёр цаг гараад ирье” гэж хэлээд гарсан байна. Гэвч байрны багш нар маргааш өглөөний 08:00 цаг хүртэл хүүг минь хайгаагүй хэмээн талийгаачийн ээж нь ярьсан юм.
Мөн тавдугаар сарын 24-ний шөнө мотоциклтой хүүхдүүд гэрт нь очсон бөгөөд тэр орой тэдний гэрт маш их чимээ шуугиан гарч байж.
Мөн талийгаачийн ээжийн мэдээлснээр, хүүгийн барьж байсан утсан дээр ээжийнх нь цахим хаяг хадгалагдсан байсан бөгөөд уг хаягаас ээжийнх нь өмнөөс “чөлөө өгөөч” гэх агуулгатайгаар танихгүй хүн байрны багш руу бичиж.
Улмаар 2026 оны тавдугаар сарын 25-ны өглөө талийгаач хүү сумын төвд байдаг гэрээсээ боомилсон байдалтай олджээ.
Талийгаачийн ээжийн ярьснаар, хүүхдийнх нь нас барсан талаар хадам дүү нь түүнд утсаар мэдэгдсэн байна.
Тэрбээр “Би хүүгээ боловсрол, мэдлэгтэй хүн болно гээд сургуульд өгсөн. Хүү минь маш хүмүүжилтэй, цовоо сэргэлэн хүүхэд байсан. Хүүхдийг минь нэг өдөр нас барсан гэж надад хэлсэн. Яваад очиход цоохор цаасанд боосон бие нь хөшсөн цогцос нь байсан. Би хүүхдээ харна гээд харахад нохой шиг хүзүүнээсээ уяатай, бие нь хөхөрсөн байсан. Надаар нэг цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, задлан шинжилгээнд оруулна гэсэн. Өнөөдөр болтол үхсэн гэдэгт итгэхгүй байгаа. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шүүж өгөх байх гэж чадах чинээгээрээ явсан ч болоогүй тул эцсийн найдвар хэвлэл гэж үзээд танай сайтад хандсан” гэв.
Мөн талийгаачийн ээжийн мэдээлснээр, хүүхдийнх нь өмсөж байсан цагаан цамц болон хар цамцны энгэр нь цустай байсан байна. Тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж, цустай цамц байгааг мэдэгдсэн боловч цагдаа “Шатаа, бид авах ёстой юмаа авсан” гэж хэлээд шатаасан хэмээн ярьсан юм.
Түүнчлэн талийгаачийн ээжийн хэлснээр, хүүхдийнх нь хөнжил дотроос эрэгтэй, эмэгтэй хүний үс болон шинэ тамхины иш олдсон байна. Тэрбээр уг зүйлсийг цагдаад өгөхөөр хадгалж байсан ч мартсаны улмаас алга болсон хэмээн ярьсан юм.
Ээжийнх нь хэлснээр, хүүгийн нүдний доод хэсэгт зураас гарсан, хөхөрсөн байсан бөгөөд цогцос нь маш хүнд байдалтай байсан тул хүүхдээ таньж чадаагүй аж.
Шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр талийгаач өөрийгөө боомилсон гэх дүгнэлт гарсан бөгөөд дахин шүүх шинжилгээнд явуулсан байна.
Талийгаачийн ээж цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хэргийн газар дээр хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа юм. Түүний мэдээлснээр, хэргийн газраас байж болзошгүй нотлох баримтуудыг бүрэн авч шалгаагүй, зарим нотлох баримт устсан гэх нөхцөл байдал үүссэн байна.
Тэрбээр “Би хүүхдээ таниагүй, аймшигтай болсон байсан. Тийм зүйл болно гэж даан ч санаагүй. Би хүүхдээ нэг ч удаа загнаж үзээгүй” хэмээн нулимс дуслуулан ярьлаа.
Ар гэрийн зүгээс талийгаачийн үхлийн шалтгааныг дахин тогтоох шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа юм.
Талийгаачийн ээжийн мэдээллээс үзвэл, цагдаагийн байгууллага хэргийн газарт хангалтгүй ажилласан, байж болзошгүй нотлох баримтыг устгасан гэх асуудал байгаа бөгөөд талийгаач хүү үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг байсан байж болзошгүй байгаа юм.






















Хариулт (0 )