Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний баг Ховд аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна.
Тус баг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 10 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх зэргийн эмч, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийдэг эмч, мэдрэлийн мэс заслын хүүхдийн чиглэл хариуцсан эмч, нуруу нугасны мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмч нар багтжээ.
Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэн хөгжсөний 60 жилийн ой 2026 оны аравдугаар сард тохиож байна. Үүний хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгээс хөдөө, орон нутагт чиглэсэн олон ажлыг төлөвлөсний нэг нь энэхүү арга хэмжээ аж.
Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх зэргийн эмч А.Эрдэндалай хэлэхдээ, “Орон нутгийн БОЭТ-ийн мэргэжлийн эмч нартай уулзаж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, мөн иргэдэд нарийн мэргэжлийн мэдрэлийн мэс заслын тусламж хүргэх зорилгоор ирсэн. Төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд эхний өдөр өрхийн эмнэлгийн эмч нарт семинар, сургалт зохион байгуулсан. Өнөөдөр төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр орон нутагт тэр бүр хийгддэггүй эмчилгээг газар дээр нь хийхээр ажиллаж байна.
Ховд аймаг ангиографийн аппараттай болсон бөгөөд уг аппаратаар тархины судасны зураг авах, харвалтын үед бөглөрсөн судсыг оношлох, мэдрэлийн мэс засал болон судасны эмчилгээнд ашиглах боломж бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар хоёр хагалгаа хийсэн. Үүнд тархины судасны цүлхэнтэй хүнд судсан дотуурх ажилбар хийж, цүлхэн бөглөх мэс засал, рефлексийн мэс засал, нурууны мэс засал, шунт мэс засал хийхээр төлөвлөснөөс дөрвөн ажилбар хийгээд байгаа. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа” талаар эмч нар мэдээллээ.
Тэрбээр цааш нь, “Богино хугацаанд төлөвлөсөн иргэддээ өглөөнөөс орой хүртэл тасралтгүй үйлчилгээ үзүүлнэ. Ховд аймгийн хувьд эмч нарын хүрэлцээ боломжийн хэмжээнд байна. Гэхдээ орон нутгийн эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгааг анзаарлаа. Бид нарийн мэргэжлийн чиглэлээрээ дагнан ажилладаг бол эндхийн эмч нар бүх төрлийн үйл ажиллагаанд оролцож байна. Өчигдөр гэхэд бид Увс аймагт даралт, харвалттай хүнд тусламж үзүүлэхээр эмч, сувилагч явсан. Өнөөдөр ч мөн буцаж ажиллахаар явж байна. Энэ нь орон нутагт тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байна. Бид орон нутгийн эмч нарыг чадавхжуулах зорилготой ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Тус баг өмнө нь Дорнод аймаг болон Эрдэнэт хотод ажилласан бөгөөд Ховд аймаг нь тэдний ажиллаж буй гурав дахь аймаг болж байна.






















Хариулт (0 )