khovd.mn

Ховд аймагт Улаанбурхан өвчний 27 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчнөөр 0–9 сартай хүүхэд өвчлөх эрсдэл өндөр байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалагийн мэдээлснээр, Ховд аймагт 2026 оны 4 дүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийт 27 тохиолдол бүртгэгдэж, 0–7 сартай хоёр хүүхэд эндээд байна. Одоогийн байдлаар 16 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын 451 […]

0
24
Ховд аймагт Улаанбурхан өвчний 27 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчнөөр 0–9 сартай хүүхэд өвчлөх эрсдэл өндөр байна.

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Оюунтунгалагийн мэдээлснээр, Ховд аймагт 2026 оны 4 дүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийт 27 тохиолдол бүртгэгдэж, 0–7 сартай хоёр хүүхэд эндээд байна. Одоогийн байдлаар 16 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын 451 хүн бүртгэгдсэн бөгөөд тэдэнтэй холбогдон заавар, зөвлөмж өгч, үзлэг оношилгоонд хамруулжээ. Мөн 21 хоногийн хугацаанд эмнэлзүйн тандалт хийх бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд яаралтай хандах шаардлагатайг анхаарууллаа.

Уг өвчнөөр ихэвчлэн 0–15 насны хүүхдүүд өвчилж, хүндрэх эрсдэлтэй байдаг.

Улаанбурханы дархлаажуулалтын эхний тунг 9 сартайд, хоёр дахь тунг 2 настайд хийдэг. Хоёр тун вакцинд хамрагдсан тохиолдолд улаанбурхан өвчнөөс 97 хувийн үр дүнтэй хамгаалах боломжтой.

2024 оноос эхлэн вакцины насанд хүрээгүй 6–8 сартай хүүхдүүдийг Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар дэгдэлтийн үеийн нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.

Бүртгэгдсэн 27 тохиолдлын ердөө хоёр нь вакцинд хамрагдсан байсан бол үлдсэн ихэнх нь вакцин хийлгээгүй хүмүүс байжээ. Нас барсан хоёр хүүхэд мөн вакцинд хамрагдаагүй байсан байна.

Дархлаа маш султай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, хавдрын хими эмчилгээ хийлгэж байгаа, өндөр тунгийн дархлаа дарангуйлах эм хэрэглэж буй, өмнө нь вакцинд хүнд хэлбэрийн харшлын урвал өгч байсан болон саяхан цус, иммуноглобулин хийлгэсэн хүмүүсийн хувьд вакциныг тодорхой хугацаагаар хойшлуулах заалттай байдаг.

Аймгийн хэмжээнд товлолт дархлаажуулалтаас гадна 6–8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд вакцины нөөц хангалттай байгааг албаныхан мэдээлэв.

2025 онд улаанбурхан өвчин улс орон даяар дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсэн бөгөөд тандалт, судалгаагаар 10–14 насны хүүхдүүдийг дархлаа суларсан бүлэг гэж үзсэн байна. Иймд 2026 онд улс орон даяар нэмэлт дархлаажуулалт зохион байгуулж, Ховд аймгийн хэмжээнд 5000 гаруй хүүхэд хамрагджээ.

Товлолын вакцин болон нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг харьяа өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад очиж нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Улаанбурхан өвчин бүртгэгдсэн тохиолдолд дэгдэлтийн хариу арга хэмжээ болгон голомтын дархлаажуулалтыг 72 цагийн дотор зохион байгуулдаг. Улаанбурханы нууц үе 7–21 хоног үргэлжилдэг бөгөөд өвчний шинж тэмдэг илрэхээс 4 хоногийн өмнөөс халдвар тараах эрсдэлтэй. Мөн тууралт гарснаас хойш 4 хоногийн хугацаанд халдвар тараах магадлал өндөр хэвээр үргэлжилдэг.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр насанд хүрэгчид хөнгөн хэлбэрээр өвчлөх эсвэл шинж тэмдэггүй вирус тээх эрсдэлтэй. Гэвч иргэдийн вакцинд үл итгэх хандлагаас шалтгаалан халдвар авах, хүндрэх, цаашлаад нас барах эрсдэл нэмэгдэж байгаа тул вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Одонтуяа анхаарууллаа.

Иймд олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол зүүх, 0–5 насны хүүхдийг хүн ихтэй газар аль болох дагуулж явахгүй байх, гараа тогтмол угаах, амин дэм болон шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх замаар дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Measles буюу улаанбурхан нь маш хурдан халдварладаг вирусийн гаралтай өвчин. Ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг ч вакцин хийлгээгүй насанд хүрэгчид мөн халдвар авах боломжтой. Агаар дуслын замаар тархдаг бөгөөд ханиах, найтаах үед амархан халдварлана.

Шинж тэмдгийн хувьд өндөр халуурах, ханиах, нус гоожих, нүд улайж нулимс гоожих, амны хөндийд жижиг цагаан толбо гарах, улмаар нүүрнээс эхэлсэн тууралт бүх биеэр тархах зэрэг шинж илэрдэг. Өвчилсөн тохиолдолд богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй тул эрт оношлуулж, эмчид яаралтай хандах шаардлагатай.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл