Баруун бүсийн барилга, бүтээн байгуулалтын салбарт томоохон хувь нэмэр оруулах “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэр нээлтээ хийлээ
Өнөөдөр /2026.05.10/ Ховд аймагт баруун бүсийн барилга, бүтээн байгуулалтын салбарт томоохон хувь нэмэр оруулах “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга, “Ховд Өргөө” ХХК-ийн хамт олон болон салбарын төлөөллүүд оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Тус үйлдвэр нь орчин үеийн CLC технологид суурилсан, байгальд ээлтэй, хөнгөн жинтэй, дулаан хадгалалт сайтай дүүргэлтийн ханын блок үйлдвэрлэх юм. Ингэснээр баруун бүс нутагт стандартын шаардлага хангасан барилгын материал үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрүүдийн нэг болж байгаагаараа онцлогтой.
Сүүлийн жилүүдэд Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудад орон сууц, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй нэмэгдэж байгаа ч барилгын үндсэн материалын нийлүүлэлт төвлөрсөн хэвээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт ашиглагдаж буй дүүргэлтийн ханын материалын дийлэнх хувийг Улаанбаатар хот болон БНХАУ-аас нийлүүлдэг нь тээвэр, логистикийн зардлыг өсгөж, барилгын өртөг нэмэгдэхэд нөлөөлсөөр иржээ.
Харин “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэр ашиглалтад орсноор энэхүү хамаарлыг бууруулж, орон нутагтаа чанартай барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэх боломж бүрдэж байгааг албаныхан онцоллоо.
Үйлдвэр нь жилдээ 30 мянган м³ хүртэл хүчин чадлаар ажиллах бөгөөд бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дотоодоос хангах зорилготой юм.
Статистикийн мэдээллээр Ховд аймагт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, залуу өрхийн тоо нэмэгдэж, орон сууцны хэрэгцээ тогтмол өсөж байна. Гэвч барилгын материалын өндөр өртөг нь орон сууцны үнийг өсгөж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, хөнгөн, дулаан алдагдал багатай, өртөг хэмнэх боломжтой эко блокны үйлдвэрлэл бий болсноор барилгын ажлын хугацаа хурдасч, өртөг буурч, орон сууцны хүртээмж нэмэгдэх бодит нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн шинэ үйлдвэр нь ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, залуу гэр бүлүүдийг орон сууцтай болоход бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг үеэр онцолж байв.
“ХОВД ЭКО БЛОК” үйлдвэрийн бүтээгдэхүүн нь:
• Хөнгөн жинтэй
• Дулаан хадгалалт өндөр
• Галд тэсвэртэй
• Дуу тусгаарлалт сайтай
• Байгаль орчинд ээлтэй
• Барилгын суурь болон материалын зардлыг бууруулах давуу талтай юм.
Арга хэмжээний үеэр “Ховд Өргөө” ХХК-ийн шилдэг ажилтнуудыг шагнаж, урамшууллаа.
Ийнхүү “ХОВД ЭКО БЛОК” үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсийн бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлж, орон нутгийн хөгжилд стратегийн ач холбогдолтой төсөл болж байгаагаараа онцлог болж байна.






















Хариулт (0 )