-
Жил бүрийн нөхөөс, жил бүрийн эвдрэл. Ховдын замын эвдрэл…
Манай сурвалжлах баг өмнө нь Ховд аймгийн замын эвдрэлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодруулга мэдээлэл авч байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл аймгийн төвийн замын эвдрэл хэвээр, засвар шинэчлэл төдийлөн хийгдээгүй нөхцөл байдалтай байна.
Ховд аймаг нь Баруун бүсийн тулгуур төв, орон нутгийн зэрэглэлтэй хот хэмээн нэрлэгддэг ч авто тээврийн хэрэгсэл зорчих замын нөхцөл байдал харьцангуй муу, жолооч болон зорчигчдод хүндрэлтэй хэвээр байна.
Аймгийн төвийн зарим авто зам ихээхэн эвдэрч, нүх хонхорхой үүссэнээс гадна замын хучилт сэтэрсэн хэсгүүд олон байна. Тухайн замаар зорчиход автомашины эд ангид гэмтэл учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Ялангуяа шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед жолооч нар эвдэрсэн замыг тойрч гарахдаа эсрэг урсгал руу орох тохиолдол гарч, улмаар зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Талын буудлын урд талын зам, APU Цэнхэр гигантын урд хэсэг, Авид худалдааны төвийн урд тал, Онцгой байдлын газрын өмнөх авто зам зэрэг хэсгүүдэд эвдрэл ихтэй байгаа юм.
Ховд аймгийн төвийн авто зам эвдэрч буй нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж. Үүнд шинээр баригдаж буй барилга байгууламжийн шугам сүлжээ татах ажил, цэвэр болон бохир усны шугамын засвар, мөн замын ачаалал нэмэгдсэн зэрэг шалтгаан нөлөөлж байна.
Жил бүр авто замын засвар, арчлалтад тодорхой хэмжээний төсөв баталдаг ч замын эвдрэл буурахгүй, харин ч жилээс жилд авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаа нь энгийн үзэгдэл мэт болжээ. Нөхөөс хийсэн ч замын залгаасууд тэгш бус, удаан хугацаанд чанараа хадгалж чаддаггүй байна.
Энэ жил авто замын санд 800 сая төгрөг төсөвлөснөөс 200 гаруй сая төгрөгийг замын нөхөөс хийхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Гэвч тодорхой хэсгүүдэд нөхөөс хийсэн ч нэг жилийн дараа дахин сэтэрч эвдэрдэг асуудал давтагдсаар байгаа тул авто замыг бүрэн шинэчилж, шинээр хучих шаардлага үүсээд байна.
Авто замын засвар, арчлалтын компани тодорхой газруудтай гэрээ байгуулан засвар хийдэг. Гэвч урин дулааны улирал эхэлсэн ч өнөөдрийг хүртэл аймгийн төвийн замын эвдрэл хэвээр байгаа юм.
Харин энэ жил аймагт хэд хэдэн шинэ авто зам тавихаар төлөвлөжээ. Тухайлбал, 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр Малчны хороолол чиглэлд 6.5 км, Хүүхдийн паркаас Хан Жаргалант хүртэл 2.2 км, мөн шинэ суурьшлын бүсэд 1.4 км авто зам тавихаар төлөвлөсөн байна.
Эдгээр замын зураг төслийг 2023 онд боловсруулсан ч төсөв, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ажил хойшлогдож байжээ. Мөн тухайн үеэс хойш 1 км авто зам тавих өртөг нэмэгдсэн тул төлөвлөсөн замын уртыг бууруулах асуудал яригдаж буй талаар мэргэжлийн байгууллагаас манай редакцад мэдээлсэн юм.






















Хариулт (0 )