Ховд аймагт “Ховд Эко Цемент” үйлдвэрийн 8 МВт хүчин чадалтай “ХОВД ЭКО НЦС” төсөл албан ёсоор ашиглалтад орж, баруун бүсийн эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулах шинэ бүтээн байгуулалт эхэллээ.
Өнөөдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт “Нью Прогресс Групп” ХХК-ийн охин компани болох “Ховд Эко Цемент” үйлдвэрийн сэргээгдэх эрчим хүчний “ХОВД ЭКО НЦС” төсөл амжилттай хэрэгжиж, албан ёсоор ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, тууз хайчлах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Балжинням, ВХ ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Г.Мэндбаяр, цахилгаан хангамжийн ахлах инженер Б.Баясгалан, Баруун бүсийн цахилгаан түгээх ТӨХК-ийн захирал С.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс, ажилтнууд оролцож “ХОВД ЭКО НЦС” төслийн талаар танилцуулга хийлээ.
Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлд бодитоор нэвтрүүлсэн томоохон төсөл ийнхүү хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэллээ.
“Нью Прогресс Групп” ХХК-ийн охин компани болох “Ховд Эко Цемент” үйлдвэр нь үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх зорилгоор 8 МВт хүчин чадалтай “ХОВД ЭКО НЦС”-ыг ашиглалтад оруулж байна. Энэхүү төсөл нь баруун бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн анхдагч төслүүдийн нэг болж, бүс нутгийн ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэлийн шинэ шатны хөгжлийг эхлүүлж байна.
Цементийн үйлдвэр нь жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 350 гаруй ажлын байрыг бий болгосны ихэнхийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн жилд 18,000 МВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд үүний 13,000 МВт.цагийг нарны эх үүсвэрээс хангах боломж бүрдэж байгаа нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж болдгийн бодит жишээ болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тархмал эрчим хүчний системийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтууд дэвшүүлээд байна. “ХОВД ЭКО НЦС” төсөл нь эдгээр зорилтыг үйлдвэрлэлийн салбарт бодитоор хэрэгжүүлж буй анхдагч төслүүдийн нэг юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Герман, Австрали, АНУ, БНХАУ зэрэг улс сэргээгдэх эрчим хүчний бодлогоороо тэргүүлж, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг эрчим хүч үйлдвэрлэгч болгон хөгжүүлж байна. Тухайлбал, Австрали улсад зарим бүс нутагт гурван айл тутмын нэг нь нарны эрчим хүч ашиглаж, илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олдог нь төрийн зөв бодлого, уян хатан зохицуулалтын үр дүн юм.
Монгол Улс жилд дунджаар 260–300 нартай өдөртэй, нарны эрчим хүчний асар их нөөцтэй орон. Иймд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг бодлогоор дэмжвэл дотоодын хэрэгцээг хангахаас гадна цаашид эрчим хүч экспортлох боломжтой гэж салбарынхан үзэж байна.
Баруун бүсийн цахилгаан түгээх ТӨХК-ийн захирал С.Гантөмөр “Манай аймгийн хэмжээнд нийт эрчим хүчний хэрэглээний 60 хувийг аймгийн төв дангаараа эзэлдэг. “Ховд Эко НЦС” нь жилд 13 сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь манай аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах хэмжээ юм” хэмээн онцоллоо.
Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр “Ховд аймгийн цахилгаан эрчим хүч өвлийн ид ачааллын үед хүрэлцдэггүй. Иймд энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр чухал ач холбогдолтой” гэдгийг уламжиллаа.
“ХОВД ЭКО НЦС” төсөл нь баруун бүс нутагт инноваци, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгож буй стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.






















Хариулт (0 )