khovd.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, үйлчилгээ болон орчны хүртээмжийн асуудлаар нийтийн сонсгол боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, үйлчилгээ болон орчны хүртээмж” сэдэвт нийтийн сонсгол өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт боллоо. Тус нийтийн сонсголыг Ховд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа. Сонсголд аймгийн ИТХ-ын Ажлын алба, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтэн, […]

0
44
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, үйлчилгээ болон орчны хүртээмжийн асуудлаар нийтийн сонсгол боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, үйлчилгээ болон орчны хүртээмж” сэдэвт нийтийн сонсгол өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт боллоо.

Тус нийтийн сонсголыг Ховд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Сонсголд аймгийн ИТХ-ын Ажлын алба, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

Сонсголын үеэр холбогдох байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, цаашид сайжруулж, шинэчлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Одончимэг тус төвийн үйл ажиллагааны чиглэл, орчны хүртээмжийн ойлголт, хүртээмжийн үнэлгээ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаар танилцуулж, цаашид анхаарах асуудлуудаа хэллээ.

Тухайлбал, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2023 онд 10, 2024 онд 15, нийт 25 байршилд гэрлэн гарц хийжээ. Мөн ачаалал ихтэй гурван байршилд нийт 16 ширхэг дуут дохио суурилуулсан байна.

Түүнчлэн тус төв байгуулагдсанаас хойш Ховд аймгийн хэмжээнд нийт 126 байгууллагад хүртээмжийн үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллага тус бүрд орчны хүртээмжийг сайжруулах зөвлөмж хүргүүлжээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн доторх биет саадыг арилгах, ариун цэврийн өрөө болон бусад дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Сонсголын үеэр Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын гадна үлдэж байна. Тэдний хөгжлийн ялгаатай байдалд нь тохирсон тусламж, дэмжлэг үзүүлэх тусгай хэрэгцээний багшийн хүртээмж хангалтгүй байгаа асуудлыг эцэг эхчүүд хөндөж байна” хэмээн ярьлаа.

Тус холбооноос Ховд аймгийн таван байгууллагад хүртээмжийн үнэлгээ хийж, гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлын талаар танилцууллаа. Мөн Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн долоон асуудлыг хүргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл тодорхой болно гэдэгт найдаж байгаагаа онцоллоо.

Сонсголд оролцсон иргэд хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан банк, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, дэд бүтэц, барилга байгууламжийн дотоод орчин зэрэг олон асуудлаар өдөр тутам хүндрэл бэрхшээлтэй тулгардаг талаар хэлж байлаа. Мөн иргэдийн зүгээс нийтийн сонсголыг зохион байгуулж, тулгамдсан асуудлаа шууд хэлэлцэж байгаа нь ач холбогдолтой байгааг онцолсон юм.

Ховд аймгийн хэмжээнд 2025 оны судалгааны эцсийн дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй 2,900 гаруй иргэн байгаагаас 384 нь хүүхэд байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл