khovd.mn

2026 он гарснаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт 6 удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ

Ховд аймагт газар хөдлөлтийн давтамж нэмэгджээ. Сүүлийн үед Ховд аймагт газар хөдлөлт ойр ойрхон бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн Хубилай Сэцэн хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас тодруулга мэдээлэл авлаа. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Диймаагийн мэдээлснээр, он гарснаас хойш Ховд аймагт 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт зургаан удаа бүртгэгджээ. Тухайлбал, […]

0
382
2026 он гарснаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт 6 удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ

Ховд аймагт газар хөдлөлтийн давтамж нэмэгджээ.

Сүүлийн үед Ховд аймагт газар хөдлөлт ойр ойрхон бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн Хубилай Сэцэн хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд салбараас тодруулга мэдээлэл авлаа.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Диймаагийн мэдээлснээр, он гарснаас хойш Ховд аймагт 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт зургаан удаа бүртгэгджээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-нд Ховд аймгийн Зэрэг сумын орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Зэрэг суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж. Тус газар хөдлөлтийн дараа хоёр минутын зайтайгаар 4.3 болон 3.9 магнитудын давтан чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Харин тавдугаар сарын 8-ны өдөр Зэрэг суманд дахин 4.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар дээрх газар хөдлөлттэй холбоотойгоор нийт 450 гаруй удаагийн сул чичирхийлэл бүртгэгдсэн талаар мэргэжлийн байгууллага мэдээллээ.

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх Пүрэв гарагийг Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэдэг.

Үүнтэй уялдуулан Жаргалант суманд Ховд аймгийн Засаг даргын 2026 оны А/49 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн” дадлага сургуулилтыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж.

Энэхүү дадлага сургуулилтын хүрээнд болзошгүй гамшиг, аюул ослын үед байгууллага, албан хаагчид болон иргэдийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

Тухайлбал, нүүлгэн шилжүүлэх дадлагыг бодит нөхцөлд ойртуулан хийж, гурав дахь өдөр нь дуурайлган үзүүлэх сургуулилтад 367 иргэн хамрагджээ.

Мэргэжлийн байгууллагаас газар хөдлөлтийн үед дараах заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Нэгдүгээр дохио дуугарахад:

Иргэд тайван байдлаа хадгалж, бат бөх ширээний доор орох, даацын хананд ойртон толгой, биеэ хамгаалах шаардлагатай.

Хоёрдугаар дохио дуугарахад:

Чичирхийлэл зогссоны дараа толгойгоо хамгаалан, шат ашиглан “баруун гарын дүрэм” баримтлан барилгаас гарч, аюулгүй цугларах талбайд очих ёстой.

Гуравдугаар дохио дуугарахад:

Цугларах талбайд бүртгүүлж, барилга дотор хүн үлдсэн эсэхийг шалган, бусдын аюулгүй байдлыг нягтлах шаардлагатай юм.

Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн идэвхжилтэй бүсэд оршдог бөгөөд Говь-Алтай, Булнай, Цэцэрлэг, Монгол Алтай зэрэг бүсэд дэлхийд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ.

Тухайлбал:

* 1905 онд Булнайн нуруу, Хангайн нуруу, Хан Хөхийн нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж, 130 км урт хагарал үүссэн.

* 1931 онд Монгол Алтайн нуруунд болсон 8 баллын газар хөдлөлтийн улмаас 189 км газрын гадарга хагарчээ.

* 1957 онд Говь-Алтайн Гурван Богдод болсон 8.3 магнитудын газар хөдлөлтийн улмаас 270 км үргэлжилсэн хагарал үүссэн байна.

Судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь 7-8 баллын, 19.6 хувь нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг аж. Мөн хот, суурин газрын 75 хувь нь 7 ба түүнээс дээш баллын бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна.

Газар хөдлөлтийн үед төр, мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг байна.

Тухайлбал Онцгой байдлын ерөнхий газар нь газар хөдлөлтийн үед аврах, эрэн хайх ажиллагааг шууд зохион байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нуранги болон ослын бүсэд ажиллах, гал түймэр болон дагалдах эрсдэлийг бууруулах ажлыг гүйцэтгэдэг.

Харин шинжлэх ухааны талын мэдээлэл, хяналтыг Шинжлэх ухааны академи болон Одон орон, геофизикийн хүрээлэн хариуцдаг бөгөөд тэд газар хөдлөлтийг бүртгэх, хүч болон байршлыг тодорхойлох, чичирхийллийн мэдээллийг дамжуулах, эрсдэлийн судалгаа хийх үүрэгтэй.

Мөн орон нутгийн түвшинд Аймгийн засаг даргын тамгын газар болон Онцгой комисс ажиллаж, гамшгийн үед шийдвэр гаргах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байр, тусламж үйлчилгээ зохион байгуулах, мэдээлэл хүргэх ажлыг хариуцдаг байна.

Ийнхүү байгууллагуудын уялдаа холбоотой ажиллагаа нь газар хөдлөлтийн үед иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дотор хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөж, газрын хөрс чичирч доргих байгалийн үзэгдэл юм. Энэ нь ихэвчлэн газрын гүний хагарал болон тектоникийн хавтангийн хөдөлгөөнөөс үүсдэг байна.

Харин газар хөдлөлтийн магнитуд нь тухайн газар хөдлөлтөөс ялгарсан нийт энергийн хэмжээг илэрхийлдэг бол балл нь тухайн газар нутагт хэр хүчтэй мэдрэгдэж, ямар нөлөө үзүүлснийг илэрхийлдэг хэмжүүр юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл