khovd.mn

Б.Батням:Татвар төлөгчдийн идэвхи,ухамсар жил ирэх тусам нэмэгдэж байна

Ховд аймгийн татварын хэлтэс татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд буцаан олголт, урамшуулал, сургалт сурталчилгаа зохион байгуулж байна. Монголын татварын алба улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй татвар төлөгчдийг дэмжих, урамшуулах зорилгоор “Татвар төлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Татвар төлөгчдийн өдрийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн […]

0
120
Б.Батням:Татвар төлөгчдийн идэвхи,ухамсар жил ирэх тусам нэмэгдэж байна

Ховд аймгийн татварын хэлтэс татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд буцаан олголт, урамшуулал, сургалт сурталчилгаа зохион байгуулж байна.

Монголын татварын алба улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй татвар төлөгчдийг дэмжих, урамшуулах зорилгоор “Татвар төлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Татвар төлөгчдийн өдрийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор 2026 оны 5 дугаар сарын 4–8-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

Уг өдрийг тохиолдуулан Ховд аймгийн татварын хэлтэс татвар төлөгчдийн дунд танин мэдэхүйн тэмцээн, мөн ирээдүйн татвар төлөгч хүүхэд, багачуудын татварын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор гар зургийн уралдаан зохион байгуулж, эхний гурван байрыг шалгаруулан Монгол Улсын Татварын ерөнхий газарт илгээж.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1219 иргэний 1.8 тэрбум төгрөгийг дансанд нь шилжүүлж. Мөн аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүнг холбогдох байгууллагуудын дансанд шилжүүлжээ. Шилдэг татвар төлөгчдийг урамшуулж, цахимаар талархал илэрхийлэн алдаршуулж байна. Мөн өдөр бүр татварын сургалт, сурталчилгааг цахимаар болон сургалтын танхимд зохион байгуулж иргэдэд үйлчилж байгаа юм.

Татвар төлөгчдийн идэвхи, ухамсар жил ирэх тусам нэмэгдэж байгааг Ховд аймгийн татварын улсын байцаагч Б.Батням онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар татвар төлөгчдийг дэмжих зорилгоор Татварын ерөнхий хууль, ХХОАТ, ААНОАТ болон дагалдах хуулиудыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд дахин хэлэлцэхээр болсон байна.

Уг багц хуульд дараах зүйлүүдийг тусгаж. Үүнд:

* Иргэдийн татварын ачааллыг бууруулах хүрээнд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгох

* Үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босгыг 1 тэрбум төгрөгөөр тогтоож, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх боломж бүрдүүлэх

* Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор 1 хувийн татварын босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх

* Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 хувийн шатлал эхлэх босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах

* Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон тогтоож, татвар төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах боломж олгох.

* Татвар төлөгчдөд алдаа, зөрчлөө засах боломж олгох зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон сунгах

* Татварын өртэй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор дансыг бүхэлд нь битүүмжлэхийн оронд ирээдүйн орлогын 80 хүртэлх хувьд хязгаарлалт тогтоох

* Түүнчлэн импортын суудлын автомашины гаалийн үнийн 100 мянган ам.доллароос давсан хэсэгт 33 хувийн нэмэлт татвар ногдуулахаар тусгасан байна.

Энэхүү багц хууль батлагдсанаар иргэдийн орлого нэмэгдэж, бизнесийн тогтвортой байдал сайжирч, татвар төлөгчдөд уян хатан, ээлтэй орчин бүрдэх юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл