Ховд аймгийн Буянт сумын нэр бүхий албан тушаалтнууд хууль бусаар алт олборлосон байж болзошгүй асуудлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дөмөгтүшигээс тодрууллаа.
Өнгөрөгч өдрүүдэд Буянт сумын Засаг даргын орлогч Б.Магсаржав, Норжинхайрхан багийн Засаг дарга Т.Мөнхбаяр, Наранхайрхан багийн Засаг дарга Н.Гантулга нар тус сумын Наранхайрхан багийн нутаг, Бэлүүт гэх газарт албан үүргээ хэрэгжүүлэх нэрийдлээр мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан хууль бусаар алт олборлосон байж болзошгүй зэрэг хэд хэдэн асуудал хөндөгдөж, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Энэ талаар Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дөмөгтүшигээс тодруулахад “Надад одоогоор тухайн хэрэгтэй холбоотой тодорхой мэдээлэл байхгүй. Тамгын газар дотоод үйл ажиллагаа болон холбогдох ажлуудыг хариуцдаг.
Тухайн хэрэгт нэр холбогдоод буй албан тушаалтнууд нутгийн иргэдтэй хамтран хууль бусаар алт олборлож байж болзошгүй гэх мэдээллийн дагуу шалгалт, эргүүл хийж байсан. Уг хэрэг болохоос өмнө сумын Байгаль орчны мэргэжилтний мэдээлснээр Баянхонгор аймгийн хэсэг бүлэг иргэд хууль бусаар алт олборлож байсан тул нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлсэн гэсэн. Тухайн газарт алт илэрч байгааг өмнө нь мэдээгүй.
Миний бие уг асуудалд нэр холбогдоод буй албан тушаалтнуудтай холбогдоход тэд шалгагдаж байгаа гэдгээ мэдэгдсэн.
Засаг даргын захирамж гараагүй гэх асуудлын тухайд тодорхой мэдээлэлгүй байна. 0331 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнгөрсөн онд Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжиж ирсэн.
Уг асуудлаар Засаг даргын Тамгын газар шуурхай арга хэмжээ авч ажиллана. Би одоогоор цаг үеийн асуудалтай холбоотой ажиллаж байгаа тул Бэлүүт гэх газарт алт олборлох лицензтэй эсэх талаар тодорхой мэдээлэлгүй байна” хэмээн мэдээллээ.






















Хариулт (0 )