Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалага албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар тус байгууллагын нэгэн ажилтан гомдол гаргаад байна.
Тэрээр гомдолдоо:
“Миний бие …. Боловсролын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйчээр ажилладаг. Уг албан тушаалд томилогдоод нэг жил болж байна.
Ц.Алтантунгалага нь 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсролын газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш ёс зүйгүй авир гаргаж эхэлсэн” хэмээн бичээд, гаргасан үйлдлүүдийг дараах байдлаар дурдаж.
Үүнд, албан тушаалд томилогдсон ч ажлаа хүлээлцээгүй байхдаа байгууллагын гадна хаалганы цоожийг сольж, түлхүүрийг харуулд бус өөртөө авч, хувийн байгууллага мэт авирласан.
Мөн өмнөх даргын өрөөний түлхүүрийг гомдол гаргаад буй ажилтнаас булаан авч, өрөөний доторх эд хогшлыг дур мэдэн өөрчилсөн. Түүнчлэн албан хаагчдын өрөөг сэлгэн нүүлгэж, ажилчдын амралтын өрөөг өөрийн амралтын өрөө болгосон.
Ажилчдыг дуудаж уулзахдаа дотоод сүлжээгээр холбогдохын оронд чанга дуугаар орилж дууддаг.
Гомдол гаргасан ажилтан … нь төрийн албаны зарчим шаардлагад нийцсэн шалгалтуудыг өгч тэнцсэн боловч “хуучин даргын хүн” хэмээн гадуурхаж, ажлаас гарах өргөдлөө өгч өөр ажил олохыг удаа дараа шаардсан.
Мөн ажилтнуудтай уулзахдаа ёс бус үг хэллэг хэрэглэн зандардаг.
Хүний нөөцийн үндсэн системийн нууц үгийг сольж, “чи мэдэх шаардлагагүй” хэмээн уурласан.
Зөвхөн түүнийг бус бичиг хэргийн мэргэжилтэн, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, дээд боловсролын мэргэжилтэн, нярав, үйлчлэгч зэрэг хэд хэдэн ажилтанд дарамт үзүүлж, ажлаас гарахыг шаардсан. Мөн ажилтнуудыг хооронд нь хагалан бутаргах шинжтэй үүрэг даалгавар өгсөн байна.
Гомдол гаргасан ажилтан ….нь 10 сартай хүүхэдтэй, төрсний дараа ажилдаа эргэн орох хүсэлтэй байсан ч дээрх дарамтаас үүдэн сэтгэл зүйн хямралд орж, ээлжийн амралт авах хүсэлт гаргасан байна.
Түүний дарамт шахалтыг тэсвэрлэхгүй нэг ажилтан ажлаас гарч, өөр нэг нь ээлжийн амралт авсан байна.
Иймд хүүхдүүдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй боловсролын байгууллагын хууль бус тогтолцоог өөрчлөх цаг болсон хэмээн өөрийн биеэр нотолгоо болж, шүгэл үлээж буйгаа илэрхийлжээ.
Ц.Алтантунгалага нь Боловсролын газрын даргаар томилогдохоос өмнө 7 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус албан тушаалд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Ховд.мн сайтын сурвалжлах баг түүнээс өмнө хэд хэдэн асуудлаар тодруулсан.
Тухайн үед тэрээр боловсролын салбарын тогтолцоо алдагдсан талаар дурдаж, “Миний зорилго бол Ховд аймгийн 22 мянган хүүхдийн төлөө ажиллах” хэмээн мэдэгдэж байсан.
Мөн “ямар нэгэн халаа сэлгээ хийхгүй, харин ажилтнуудаа дэмжин ажиллана” гэж онцолсон.
Түүнчлэн ажиллах хугацаандаа боловсролын салбарын тогтолцоог сайжруулж, ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллана гэдгээ илэрхийлсэн байдаг.
Тэрээр 7 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хэд хэдэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан.
Хэрэв төрийн албан хаагчийн ес зүйн дүрэм зөрчин, албан тушаалаа урвуулан ашигласан, хөлөлмөрийн тухай хууль зөрсөн эсэх нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх юм.
Мөн Ц.Алтантунгалаг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, ажлын байрны дарамт учруулсан, сургууль, цэцэрлэгийн дотоод асуудалд оролцсон, санал асуулга авахгүйгээр “сэлгэн ажиллах, эс бөгөөс ажлаа өгөх” шаардлага тавьж байгаа гэх асуудлаар Ховд.мн тодрууллаа.
Тэрээр уг асуудалд дараах тайлбарыг өглөө.
Ийм асуудал яригдаж байгаа. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй, бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд сэлгэн ажиллуулж болно гэж заасан байдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулж байна.
Ямар тохиолдолд сэлгэн ажиллуулж байгаа вэ гэвэл, олон жил ажилласан тохиолдолд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн ажилтнуудтай хэлэлцэж, зөвшөөрөл авч, өөрсдийн хүсэлтээр гарын үсэг зурсан. Жирэмсэн болон декреттэй ажилтан энэ зохицуулалтад хамаарахгүй.
Энэ нь миний санаачилсан шинэ зүйл биш, өмнө нь ч хэрэгжиж байсан.
Цэцэрлэгийн эрхлэгчийн тухайд өмнөх удирдлагуудын хоёр удаа солигдож байсан. Мөн нягтлан бодогчдыг 2025 онд сэлгэн ажиллуулсан.
Сэлгэн ажиллуулсан тохиолдолд тухайн ажилтны эрх зүйн байдал дордохгүй. Цалин, хөдөлмөрийн нөхцөл, хангамж, хөнгөлөлт зэрэг төрөөс олгодог үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Харин эрх зүйн байдал дордох тохиолдолд ажилтантай заавал зөвшилцөх хуулийн заалттай.
Энд бүх ажилтан бус, цөөн хэдэн хүн л ийм байр суурь илэрхийлж байна” хэмээн тайлбарлав.






















Хариулт (0 )