khovd.mn

Г.Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга асан Нацаг овогт Галаагийн Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх […]

0
288
Г.Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга асан Нацаг овогт Галаагийн Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанаар хуралдааны дэгийг танилцуулж, улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судалж, хуралдаан хоёр цаг гаруй үргэлжиллээ.

Яллагдагч Г.Өөдэйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлөөр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүх хуралдааны үеэр яллагдагч Г.Өөдэй:

“Хоёр зүйл ангийнхаа талаар ярья гэсэн бодолтой байна. Бас асуудал ингээд сунжраад яваад байхаар хэцүү байгаа. Торгуулаад нэг бол салж авъя гэсэн байр суурьтай байна. Маш удаан хугацаанд шүүхээр явсан учир салж авъя гэсэн бодолтой явж байгаа. Би төрийнхөө ажлыг хийсэн. Паркетан шал л сольсон, би маргана” хэмээн хэлсэн юм.

Улсын яллагчийн танилцуулсан яллах дүгнэлтэд дурдсанаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Өөдэй нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тодруулбал, нэр бүхий компанийн данс руу 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 1,223,898 төгрөгийг шилжүүлж, “шалны үнэ” гэх утгаар өөрийн танилын данс руу 1,118,000 төгрөг шилжүүлэн, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлтэд дурджээ.

Мөн Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан, 2023 оны зургаадугаар сард авсан, 1,650,000 төгрөгийн үнэ бүхий Dell загварын зөөврийн компьютерыг албан тушаалын байдлаа ашиглаж 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ажлаас халагдахдаа өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч завшсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон гэж улсын яллагч танилцууллаа.

Шүүхийн захирамжид заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн, холбогдох баримтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл шүүхэд ирүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга асан Г.Өөдэйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )

    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌
    ‌

Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл