Ой тэмдэглэнэ гээд багш ажилчдаас 104 сая төгрөг авчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Боловсролын газрын 70 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдаас татаас авч нийт 104 сая 619 мянга 500 төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл байна.
Ховд аймагт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 60 байгууллагад 1969 гаруй багш, ажилтан ажилладаг бөгөөд дээрх хандивын мөнгө Төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрсөн байна.
Энэ талаар Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагаас тодруулахад, багш, ажилчдаас мөнгө албан ёсоор татаагүй, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид өөрсдөө зохион байгуулалтад орж хандив өгсөн гэж тайлбарлав.
Түүний хэлснээр, Боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар зургаадугаар сараас бэлтгэл ажил хийж байсан ч Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн тогтоол болон Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн тушаалтай холбогдуулан ойн арга хэмжээг цуцалжээ.
Мөн ойн арга хэмжээнд зориулан төвлөрүүлсэн мөнгөнөөс ямар нэгэн зарлага гаргаагүй, хандив өгсөн хүмүүсийн дансанд буцаан шилжүүлсэн гэж Боловсролын газрын дарга мэдээлсэн юм.
“Багш, ажилчдаас мөнгө татаагүй. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид өөрсдөө зохион байгуулалтад ороод хандив өгсөн. Яг хэчнээн төгрөгийн хандив гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ойн арга хэмжээтэй холбоотой хандивыг Төрийн сангийн нэмэлт дансанд төвлөрүүлсэн. Түүнээс нэг ч мөнгө зарцуулаагүй, буцаагаад дансанд нь хийсэн” хэмээн тайлбарлав.
Харин зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх хандивыг байгууллагуудын хэмжээнд багш нараас 50 мянга, ажилчдаас 20 мянган төгрөгөөр цуглуулсан гэх мэдээлэл байгаа ч энэ нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй байна. Мөн хандивын мөнгийг ойн арга хэмжээний үеэр гарын бэлэг болон ном хэвлэлд зарцуулахаар төлөвлөж байсан гэж Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалаг хэлсэн юм.
Иймд багш, ажилчдаас хандивыг ямар журмаар, хэний шийдвэрээр, байгууллага бүрээс ямар хэмжээтэйгээр цуглуулсан, мөн нийт 104.6 сая төгрөг сайн дурынх уу эсвэл үгүй юу гэх асуудлыг шалгах шаардлагатай байгаа юм.
Ховд аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд анги танхимын хүртээмж, орчин нөхцөл зэрэг тулгамдсан асуудал байсаар байхад төрийн байгууллагын ойг тэмдэглэхтэй холбоотойгоор багш, ажилчдаас хандив төвлөрүүлсэн гэх асуудал анхаарал татаж байгаа юм.






















Хариулт (0 )