“Мирас”-тай төстэй үйл ажиллагаа явуулдаг “Өв соёлын гялбаа” ТББ-ын дотуур байранд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байрлаж байна.
Тус дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөж буй эсэх асуудлаар Боловсролын газар, цагдаагийн байгууллага, тус байранд байрлаж буй сурагчдын сургуулийн захирал, нийгмийн ажилтан зэрэг албаныхан хамтарсан баг ажиллалаа.
Энэ талаар “Өв соёлын гялбаа” ТББ-ын тэргүүн М.Бахтиараас тодруулахад, тэрбээр хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэлж, хуулийн зөвлөхтэйгөө ярилцсаны дараа мэдээлэл өгөхөө илэрхийлсэн юм.
М.Бахтиар: “Бид хэвлэлд мэдээлэл өгөх боломжгүй. Нэг талыг барьсан асуудал байна. Үндэсний ялгаа гарсан асуудал байгаа тул одоо хуулийн зөвлөхгүйгээр мэдээлэл өгөхгүй. Биднийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Манай байгууллагыг шалгах гэж байгаа бол албан бичиг авч ирж үзүүлээд орох шаардлагатай. Сурагчид, багш нар, санхүүжилт, дотуур байртай холбоотой мэдээллийг хууль ёсны төлөөлөгчөөс авах шаардлагатай. Хамтарсан багийг холбогдох байгууллагаас шалгах бичигтэй ирээрэй гэж хэлсэн” юм.
Тус дотуур байр нь “Өв соёлын гялбаа” ТББ-ын дэргэдэх бөгөөд 2019 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус байр 24 хүүхдийн ортой бөгөөд одоогоор 14 сурагч амьдарч байгаа аж. Дийлэнх нь хоёрдугаар сургуулийн сурагчид бөгөөд коллеж, нэгдүгээр болон зургаадугаар сургуулийн сурагчид мөн амьдарч байгаа юм.






















Хариулт (0 )