Ховд аймагт “Ингэний сүүний үйлдвэрийн” шав тавилаа.
Ховд аймгийн Үйлдвэр технологийн паркт “Ингэний сүүний үйлдвэрийн” шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Загджав, БНХАУ-ын Ван Юань корпорацын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Сан Жиюань болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ховд аймагт баригдах ингэний сүүний үйлдвэрийг БНХАУ-ын “Ван Юань” ХХК болон “Монгол сүү” ХК хамтран хэрэгжүүлж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 100 тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай болох бөгөөд барилгын ажлыг хоёр жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөжээ.
Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлэхдээ, 2025 онд албан тушаалаа хүлээн авсныхаа дараа хийсэн анхны гадаад айлчлалаараа БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймагт ажиллаж, Ван Юань группийн ингэний сүүний үйлдвэртэй танилцсан байна. Энэ үеэр Ховд аймагт ингэний сүүний үйлдвэрийн салбар байгуулах талаар санал тавьж, хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Тэрбээр “Ховд аймагт ойролцоогоор 10 мянган ингэ сааж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 10 орчим тэрбум төгрөгийн орлого бий болгох боломжтой” гэдгийг онцоллоо. Мөн уг төсөл нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар бус, Монголын талын хөрөнгө оруулагчдын оролцоотой хэрэгжиж байгаа бөгөөд олон сар хэлсэн зүйл өнөөдөр бодит ажил болж буйд баяртай байгааг ярилаа.
Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Загджавын мэдээлснээр, үйлдвэрийн эхний шатанд 30 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд барилга, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулах аж. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон хүнийг ажлын байраар ханган, Ховд аймаг төдийгүй улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо. Мөн тэрээр, “Хэдэн жилийн өмнө БНХАУ-д болсон Олон улсын дистрибьютерийн анхдугаар форумд оролцох үеэр Монгол Улсад тэмээний ферм байгуулах асуудлыг анх хөндөж, байгуулахаар шийдвэрлэсэн. Цаашид олон хүнийг ажлын байраар хангаж, Ховд аймаг төдийгүй улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Харин БНХАУ-ын Ван Юань корпорацын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Сан Жиюань хэлэхдээ, Ховд аймаг нь тэмээний бэлчээрийн нөөц ихтэй, байгаль, цаг уурын нөхцөл нь тохиромжтой учраас үйлдвэрийн байршлаар сонгосон гэв. Мөн орон нутгийн иргэдийн найрсаг харилцаа, соёл, ёс заншлыг харгалзан үзсэн байна.
Тус корпорац эхний ээлжид 30 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Ингэний сүүний үйлдвэр ашиглалтад орсноор малчдын үйлдвэрлэсэн сүүг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, тэмээний аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэх юм.






















Хариулт (0 )