Ховд аймагт Жангар туулийг сэргээн өвлүүлэх, жангарчдыг бэлтгэх шавь сургалт эхэллээ.
Ховд аймагт “Жангар туулийг сэргээн өвлүүлэх, Жангарчдыг бэлтгэх шавь сургалтыг” анх удаа зохион байгуулж байна. Сургалтад шалгарсан 10 хүнийг 10 хоногийн турш бэлтгэх бөгөөд соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх зорилготой юм.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар болон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран “Жангар” туулийг сэргээх, залуу жангарчдыг бэлтгэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн титэмт туульч А.Балдандорж, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү, МУИС-ийн харьяа Баруун бүсийн сургуулийн багш, доктор Янжиндулам нар оролцлоо.
“Жангар” туулийг 1959 онд торгуудын нэрт бийч, туульч М.Пүрэвжал Ховд аймагт хоёр бүлгээр анх хайлж түүнийг аудио бичлэг хэлбэрээр академич Д.Энэбиш Үндэсний архивт хадгалуулсан байдаг. Харин уг аялгуу, ая данг төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж сэргээн тэмдэглэн боловсруулжээ.
Энэхүү ая дангаар дамжуулан “Жангар” туулийн эхний ботийг сурах боломж бүрдэж байна.
Сургалтад аймгийн хэмжээнд 50 гаруй хүүхдээс шалгарсан 10 хүүхдийг хамруулж, 10 хоногийн хугацаанд “Жангар” туулийг хайлах, товшуур хөгжимдөх зэрэг чадваруудыг эзэмшүүлэх юм. Мөн цаашид гурван сарын дараа дараагийн бүлгийг зааж үргэлжлүүлэн сургах төлөвлөгөөтэй байгаа аж.
Сургалтыг төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж удирдан явуулна.
Монгол хүн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том соёлын өв тээгч мөн. Иймд өв соёлоороо ондоошиж, бахархах ёстой.
Тиймээс төрөлх Ховд нутагтаа ирж ажжилаж буйг төрийн туульч, МУСГЗ А.Балдандорж ярилаа.
Жангар тууль нь аман зохиолын оройн дээд охь, Монголчуудын эртний утга зохиолын гурван оргилын нэг.
Ойрад түмний дунд үүсч, 15-р зууны үед бүрэлдэн нийт Монголчуудын дунд түгэн дэлгэрсэн гэж судлаачид үздэг.
Олон угсаатны өлгий нутаг Ховдчууд авч үлдэх ёстой соёлын үнэт өв юм.
Сүүлийн жилүүдэд “Жангар” тууль мартагдах хандлагатай болсон. Иймд соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлах зорилгоор шавь сургалтыг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буйг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа онцлов.
Ховд аймагт хэрэгжиж буй энэхүү сургалт нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэх, сурталчлах, мөн цаашид ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буйг албаныхан онцоллоо. Мөн цаашдаа уран нугаралт, бий биелгээ, уртын дуу, ихэл товшуур зэрэг уламжлалт урлагийн сургалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү хэллээ.






















Хариулт (0 )