Ховд аймагт Урианхай сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна
Ховд аймгийн Уулсын мэрэгчүүл харваачдын холбоо, Биеийн тамир, спортын газар болон ЗДТГ хамтран Урианхай сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ховд аймагт энэ оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс урьдчилсан байдлаар 400 гаруй мэргэн харваач оролцож, хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
Тэмцээнийг угтан сурын зурхайг засварлах болон бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа аж. Мөн Ховд аймгийн ЗДТГ болон хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэн ажиллаж байгааг Ховд аймгийн Сурын холбооны тэргүүн Г.Ганзориг онцоллоо.
Тэмцээнд оролцох тамирчид “Их цэц” цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх бөгөөд Урианхай сур харвадаг хүн бүхэнд нээлттэй юм.
Урианхай сур нь XIII зуунаас уламжлалтай Монголын сур харвааны эртний төрлүүдийн нэг юм. Гол онцлог нь хоорондоо таван нумын зайтай, шороо болон цасаар өрсөн “өтвөг” хэмээх зурхайн дунд хэсэгт эгнүүлэн байрлуулсан “чих сур”-ыг 20 нумын буюу 40 метрийн зайнаас шулуун онож, үсэрсэн чих сурыг арын өтвөг гэх 10-20 см өндөр шороон болон цасан даланг давуулан гаргасан тохиолдолд оноонд тооцдогт оршдог.
Харвааны хувьд эхний 20 чих сурыг 20 нумын газраас, үлдсэн 10 чих сурыг 10 нумын газраас харвадаг уламжлалтай. Зуны улиралд шороон далан байгуулж харваа зохион байгуулдаг бол өвлийн улиралд гол, нуурын мөсөн дээр мөсөн харваа хийж, цас мөсөөр далан босгон харвадаг байна.






















Хариулт (0 )